Криминологи
Dateline: 2010-10-07
“ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛ”

 СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Судалгааны зорилго: Монгол Улсын Хил хамгаалах байгууллагад гарч буй гэмт явдал, түүний дотор хүнд, онц хүнд гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлан дүгнэж, офицер, ахлагч, цэргийн хугацаат албан хаагчийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хилийн отряд, заставт зохион байгуулах талаар санал, зөвлөмж, богино, дунд хугацааны хөтөлбөр боловсруулах

Судалгааны хамрах хүрээ:  Судалгааны ажлыг хил хамгаалах байгууллагын хэмжээнд сүүлийн 10 жилд гарсан хүнд, онц хүнд гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг цэргийн болон харуулын алба хаахтай холбогдсон дүрэм, бусад журмын биелэлтийн байдалтай уялдуулан авч үзэв.

Судалгааны хугацаа, зохион байгуулалт: Судалгааны баримт материалыг цуглуулах, шинжлэн судлах, хил хамгаалах байгууллагын анхан шатны нэгжид очиж хилийн алба хаагчидтай уулзаж ярилцах зэрэг судалгааны үндсэн ажлыг 2010 оны 1 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийв. 

 Судалгааны баг: ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын эрхлэгч Ж.Энхнасан удирдаж, эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд /докторант/, Г.Батчимэг, Хил хамгаалах ерөнхий газрын Улсын хил судлалын секторын судлаач, хошууч Н.Даваадорж нар хийж гүйцэтгэв.

Нэг.Монгол Улс дахь гэмт явдлын өнөөгийн байдал /товч мэдээлэл/

Монгол Улсад сүүлийн 10 жилд хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг тогтмол өсч, нийт хэрэгт эзлэх хувийн жин нь нэмэгдэхийн зэрэгцээ гэмт хэргийн улмаас болон золгүй байдлаар нас барах, амиа хорлох явдал иргэдийн огт буурахгүй байна. ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын 2008-2009 онд хийсэн судалгаануудын дүнгээс үзвэл хүн амын ядуурал, архидалт, ажилгүйдэл, тэдгээрийг тойрсон нийгмийн бухимдал, төрийн байгууллагыг хэрсэн хүнд суртал, авилга, салан задгай байдал зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн тулгамдсан олон асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа нь нийгэмд хүч хэрэглэсэн гэмт хэрэг өсөх гол шалтгаан болсоор байна. 

             Төрийн тусгай албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг:

2009 онд Монгол Улсад үйлдэгдсэн гэмт хэргийн мэдээнээс үзвэл  Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, тагнуул, цагдаагийн байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн 292 алба хаагч гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор цагдаагийн байгууллагын 148, зэвсэгт хүчний 44, онцгой байдлын албаны 31, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 29, хилийн цэргийн 25, дотоодын цэргийн 10, тагнуулын 5 алба хаагч байна. Үүнд:

·         Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 128, /үүнээс бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах хэрэгт 121, хүнийг санаатай алах хэрэгт 5, бусдыг болгоомжгүй алах, бусдыг амиа хорлоход хүргэх хэрэгт тус бүр 1,

·         Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 36, /үүнээс хулгайлах хэрэгт 15, завших, үрэгдүүлэх хэрэгт 7, залилан мэхэлж авах хэрэгт 6, булаах хэрэгт 3, дээрэмдэх болон хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших хэрэгт тус бүр 2/,

·         Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт 29, /үүнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих хэрэгт 22, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй, зугтаах хэрэгт 7/,

·         Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 26, /үүнээс танхайрах хэрэгт 24, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авах хэрэгт 2/,

·         Албан тушаалын хэрэгт 25, /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэрэгт 15, Төрийн албан тушаалтан  эрх мэдлээ хэтрүүлэх хэрэгт 3, хээл хахууль авах хэрэгт 3, хээл хахууль өгөх, албан үүрэгтээ хайнга хандах хэрэгт тус бүр 2/

·         Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэгт 4, /үүнээс хүчиндэх хэрэгт 3, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэгт 1/,

·         Шүүн таслах ажиллагааны эсрэг хэрэгт 17, Цэргийн алба хаах журмын эсрэг хэрэгт 19, Захиргааны журмын эсрэг хэрэгт 4, хүн амын эрүүл мэндийн эсрэг хэрэгт 2, Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх, Хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх хэрэгт тус бүр 1 алба хаагч холбогдон шалгагдсан байна.

Үүнээс үзвэл төрийн тусгай алба хаагчид, түүний дотор офицер, ахлагч, гэрээт болон цэргийн хугацаат алба хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа нь анхаарал татаж байна. Тэр тусмаа хүч хэрэглэсэн гэмт хэргийг илүүтэй үйлдэж, бусдын бие махбодид гэмтэл учруулах, амь насыг нь хохироох гэмт хэрэг буурах төлөвгүй байна. 

Дүгнэлт: Хил хамгаалах байгуулагын үйл ажиллагааг хууль болон дүрмээр хатуу тогтоосон дэг журмаар зохион байгуулах хэдий ч тус байгууллага, түүний нийт алба хаагч нь монголын нийгмийн нэгээхэн хэсэг болохын хувьд тухайн нийгэмд бодитой оршиж буй гэмт явдал, сөрөг үзэгдлийн нөлөөнөөс ангид байх боломжгүйг анхааралдаа авч, дээрх сөрөг үзэгдлийн нөлөө, тааламжгүй үр дагаврыг  хязгаарлахад чиглэсэн цогц бодлого, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байх шаардлагатай.

 

Хоёр. Хил хамгаалах байгууллагад гарсан гэмт хэрэг, сахилгын ноцтой зөрчлийн бүртгэл судалгаа

Хил хамгаалах байгууллагын хэмжээнд сүүлийн арван жилд гарсан гэмт хэрэг, сахилгын ноцтой зөрчлийн тухай судалгага үзвэл:

-    1999-2009 онд бусдын амь насыг бүрэлгэсэн хэргийн судалгаа,

-    Хилийн цэргийн хэмжээнд 1993-2009 онд гарсан хүний амь нас, эрүүл

     мэндийг хохироосон гэмт хэргийн судалгаа /отряд-анги/,

-       Хил хамгаалах байгууллагын хэмжээнд гарсан ноцтой гэмт хэргийн судалгаа /2000-2009он/,

    Үүнд: Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 15 онц хүнд буюу хилчид нэг нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэмт хэрэг гарчээ.
Gэмт хэргийн 9 нь захирах захирагдах ёсыг зөрчсөн зүй бус харьцаанаас, 2 нь цэрэгт ирэхийн өмнө хулгайн болон танхайн хэргээр ял шийтгүүлж байсан хугацаат цэргийн алба хаагчдаас, 3 нь архидалтаас, нэгийнх нь шалтгааныг хууль хяналтын байгууллага хараахан тогтоогоогүй байна. Захирах захирагдах ёсыг зөрчсөн хүнлэг бус харьцаанаас үүдэн гарсан хэргүүд нь голчлон хилийн харуул дээр хугацаат цэргийн албан хаагч харуулын дарга нарын хооронд гарсан байна

Дүгнэлт: Хилийн алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан тогтоох, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байх зорилгоор хил хамгаалах байгууллагын хэмжээнд нэгдсэн журмаар хөтлөх гэмт хэрэг, сахилгын ноцтой зөрчлийн анхан шатны бүртгэл мэдээний тогтолцоо  үгүйлэгдэж байна.  Байгууллагын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, сахилгын зөрчлийг үнэн зөв бүртгэж тооцохгүйгээр түүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжгүй юм.

  Санал асуулгын судалгаа

          Удирдамжийн дагуу ХХЕГ-ын харъяа зарим анги салбарт анкетийн болон санал асуулгын судалгаа хийв. Үүнд: Монгол Улсын хойд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хоёр отряд /0101, 0243 дугаар анги/-ын нийт 251 алба хаагчаас анкетийн судалгаа, өмнөд хил дээр үүрэг гүйцэтгэж буй мөн хоёр отряд /0108, 0168 дугаар анги/-ын нийт 144 алба хаагчаас анкетийн болон санал асуулгын судалгаа авчээ. Судалгаанд оролцсон алба хаагчид алба, ажил үүрэг гүйцэтгэх үед тулгарч буй бэрхшээл, захирах, захирагдах ёс журмын биелэлт, илэрч буй зөрчлийн хэлбэр, түүний шалтгааны талаарх асуултад хариулт өгчээ.

Анкетийн судалгааны үндсэн асуултын нэг нь хилийн цэргийн алба хаагчдын дунд “зүй бус харилцаа” буюу захирах, захирагдах ёсыг зөрчих явдал ямар түвшинд байгааг тодруулах явдал байв. Санал асуулгын болон анкетийн судалгаагаар[3] дээрх зөрчил “төдийлөн их бус” гэсэн агуулгатай хариу гарсан байх бөгөөд энэ нь бодит байдалд хир нийцэж буй нь эргэлзээтэй. Учир нь судалгаанд оролцсон цэргийн хугацаат алба хаагч болон гэрээт алба хаагчид илүү “хаалттай” буюу “гадагш нь” мэдээлэл өгөх дургүй байдал ажиглагдав.

               Хорих ял эдэлж буй ялтнуудтай хийсэн ярилцлагын судалгаа

Хилийн цэрэгт алба хааж байх үедээ гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн 11 ялтнаас Улаанбаатар хотын ойролцоо ял эдэлж байгаа 3 ялтантай уулзав. Тэднээс гэмт хэрэг үйлдэх болсон шатгаан нөхцөлийн талаар асууж, харилцан ярилцав.

..... аймгийн хилийн заставт алба хааж байх үедээ бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн Тэ, ТҮ нартай өөрсдийнх үйлдсэн хэргийн талаар ярилцахад өөр өөр шалтгаан хэлж байсан ба тухайн үедээ хугацаат цэргийн албан хаагч байсан .. нь ахлагчаа цохиж хөнөөсөн хэрэгт холбогджээ. Тэрбээр цэрэгт татагдан ирээд удаагүй байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд өөртэй нь “нэг бус удаа таарамжгүй харьцаж шинэ цэргийг сургаж өгнө гэж бусадтай нийлэн хэлж байсан. Үүнд дургүй хүрээд унтаж байхад нь цохисон” гэж байв. Тухайн үедээ авсан дарамт шахалт, зодуур, дэглэлт зэрэг байсан уу гэхэд “Тийм зүйл байгаагүй” хэмээн хариулж “Жаахан дургүй хүрээд хүнд дээрэлхүүлээд баймааргүй санагдсан учраас дээрхи хэргийг үйлдсэн” гэв.

 Тэ-тэй ярилцах явцад заставын анги байранд гадны хүнтэй ирж архи уусан, даргатайгаа маргасан зэрэг зүй бус үйлдлүүд байгаа боловч  шууд захирах даргын дүрмийн  бус харилцаа хамгийн ихээр нөлөөлсөн нь илэрхий байв. Түүнчлэн ял эдэлж байгаа хоригдол онцгойлон дурдахдаа “Газар орны онцлог их шалтгаалдаг. Ер нь манай застав ч гэлтгүй бусад заставт заримдаа ноцтой хэрэг давтамжтай гардаг. Нэн ялангуяа цэрэг халагдах , татагдах үеэр цэргүүдийн сэтгэл санаа ч гэсэн сонин болдог“ гэж ярьсныг цаашид анхаарууштай.

Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай хийсэн ярилцлагын судалгааны үеэр ахмад хилчид энэхүү судалгааг явуулахдаа зарим газар орны онцлог хүний сэтгэл зүйд хэрхэн, яаж нөлөөлдөг, гэмт хэрэг гарах давтамжийн магадлал зэргийг судлахыг санал болгож байсныг энэхүү судалгааны явцад хэрэгжүүлэх боломжгүй байв.     

           Хилийн цэргийн алба хаагчдын сахилгын зөрчил

Хил хамгаалах байгууллагад гарч байгаа  дүрмийн бус харилцаа, сахилгын бусад зөрчлийн талаархи бүртгэл мэдээлэл хангалтгүй, хэрэг зөрчил нь нуугдмал байдгаас шалтгаалан хүнд, онц хүнд гэмт хэрэг үүдэн гарах нөхцөл, шалтгааныг үндэслэлтэй, бүрэн тогтоож чадахгүй байна. Аливаа ноцтой гэмт хэрэг ялимгүй зөрчлөөс үүдэн гарах нь маш элбэг тул тэрхүү зөрчлийн нөхцөл байдлыг судлаж, буруутанд зохих цээрлэл хүлээлгэж байх нь гэмт хэрэг гарахгүй байх нэг гол нөхцөл болно.  Сахилгын хэрэг зөрчлийн талаар туршлагатай хилчидтэй санал солилцоход:

Энэ салбарт гарч байгаа зөрчил, гэмт хэргийг ерөөсөө хэдхэн зүйл дээр тогтож анхаарах хэрэгтэi байна.

·         Тухайн гэмт хэрэг, зөрчил цэргийн албаны аль цаг, минутад гарсан гэдгийг тогтоох нь ихээхэн ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл  алба хаах үедээ харуулд гарахын өмнө үү, хойно уу, эсхүл харуул дээр алба хааж байхдаа юу, заставын байранд уу, амралт чөлөөт цагийн үед үү, шөнө оройн цагаар гэмт хэрэг, зөрчил их гаргаж байна уу гэдгийг нарийвчлан тогтоох нь тухайн цаг үед авах арга хэмжээг зөв сонгох, тийм үед сургалт хүмүүжлийн арга хэмжээг зөв зохион байгуулах ач холбогдолтой төдийгүй тухайн тэр үед нь завгүй байлгах, ажил үүргийг нь зөв хувиарлах гэх мэт янз бүрийн  арга хэрэглэн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж чадах юм.  

·         Цэргийн алба хаагчид алба хааж байх үедээ албаны бэлтгэл, аж ахуйн ажил, цэргийн бэлтгэл гэх мэт өдөр тутмын зүйлсээс илүү ар гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх нь тэдний хэт их анхаарал халамжид автах, эсхүл гэр бүлд учирсан бэрхшээлийг мэдсэнээр стресст орох, уурлаж бухимдах, улмаар цэргийн албанаас шантрах бэрхшээх, оргох, амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх гэх мэт сөрөг үр дагаварт хүргэж байна.

 

           PS: Сүүлийн үед цэргийн алба хааж байх үедээ амиа хорлох явдал өсөх хандлагатай байна. Сэтгэцийн гэм судлаачид  “Хүн амиа хорлох нь сэтгэл гутралын хамгийн эцсийн үе шат /депресс/ бөгөөд энэ шат хүртлээ хүн тодорхой үе шатыг дамждаг” гэжээ Тиймээс зөвхөн амиа хорлох талаас нь биш онц хүнд гэмт хэрэг үйлдэж болох байсан тэр эрсдэлийг ч гэсэн харах хэрэгтэй юм. Тухайлбал хүний сэтгэл зүйн янз бүрийн темпераментээс хамааран зарим нь амиа хорлох тухай боддог байхад нөгөө хэсэг нь ямар нэг байдлаар түүнийгээ гадагш гаргадаг байна. Амиа хорлох болсон шалтгааныг бодитойгоор тогтоож, нэг удаа болоод өнгөрсөн хэрэг явдал мэтээр орхигдуулахгүй байх хэрэгтэй”

            Нийгэмд цэргийн алба хаагч амиа хорлож байгаа тохиолдлыг илүү соргогоор хүлээн авдаг. Нэн ялангуяа  ийм тохиолдол бүрийн ард “дэглэлт” буюу дүрмийн бус харилцаа байдаг гэсэн өрөөсгөл ойлголт тогтжээ. Зөвхөн судалгааны ажлын явцын 4 сарын хугацаанд гэхэд зэвсэгт хүчин, дотоодын, хилийн цэргийн салбарт нийтдээ 4 цэрэг, албан хаагч амиа хорлосон тохиолдол гарчээ. Энэ нь алба хаагчийн хооронд даамжирч, ужгирсан нуугдмал дүрмийн бус харилцаанаас гадна  тэдгээрийн хоорондын хувийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн шинжтэй маргаанаас үүдэлтэй байгааг анхаарах хэрэгтэй байна. Дурдсан тохиолдолд хилийн алба хаахад гэр бүлийнхээ хамт байдаг, тэдгээрийн отряд, заставын алба хаагчийн бүрэлдэхүүн хэсэгт орж явдаг онцлогийг мартаж болохгүй юм. Энэ нь зөвхөн амиа хорлох шалтгаан болоод зогсохгүй өөр бусад гэмт хэрэг үүдэн гарах шалтгаан болдог  тухай  үйл баримтууд чамгүй олон байна.

Хардалт, маргаан, хов живийн шинжтэй зүйлсээс улбаалан онц хүнд гэмт хэрэг гардаг онцлог нь зөвхөн цэргийн албаны гэхгүйгээр нийгэмд гардаг гэмт хэргийн нийтлэг шалтгаан болдог тул цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн бодлого боловсруулахдаа анхаарах хэрэгтэй байна.    

 
Хил хамгаалах салбарт гарсан гэмт хэргийн статистик үзүүлэлтэнд хийсэн дүн шинжилгээ:
Хилийн алба хаагчдын сэтгэл зүйн судалгаа

Судалгааны багт мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж, удирдамжийн хүрээнд дараахь судалгааг явуулжээ.

Судалгаанд офицер 26, ахлагч 22, цэргийн хугацаат алба хаагч 71, энгийн ажилтан 25 нийт 144 хүнийг хамрагдсан байх ба тэдгээрийн насны хувьд 19-51, боловсролын хувьд дээд-21%, тусгай дунд-2%, бүрэн дунд-69%, бүрэн бус дунд-8%-ийг эзэлжээ.

Айдас, түгшүүрийн хувьд судалгаанд оролцогчдын 53% нь хэрэг зөрчилд холбогдохоос, 13% нь ганцаардлаас, үлдсэн хувь нь харуул манаанд гарах, эрүүл мэнд, найз нөхөд, гэр бүлийнхэнтэй холбоотой асуудлууд давамгайлжээ. Ялангуяа халагдах хугацаа нь дөхсөн хүмүүсийн хувьд хэрэг зөрчилд холбогдохгүй эсэн мэнд буцах эсэх, мөн халагдаад очиход ар гэрийн байдал ямар байгаа бол гэх зэрэг асуудалд илүүтэйг санаа зовдог байна.

Судалгаанд оролцогчдын 80-аас илүү хувь нь бие бүрэлдэхүүний харилцааны дутагдалтай талыг ярьж, дэлгэнгүйгээр бичсэн байжээ. Үүндээ, дан ганц захирагч, дарга нарын харилцааны соёлын дутагдал бус, нийт бие бүрэлдэхүүнийг хамааруулсан байжээ.

         Энгийн албан хаагчдын дийлэнх нь гэр бүлийн хүний (нөхөр) даган томилогдсон газарт нь очиж янз бүрийн ажил хийхэд хүрдэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль хомсдолтой гэх зэргээр нийгмийн олон асуудал шийдвэрлэгдээгүйд сэтгэл дундуур, ирээдүйдээ түгшиж байдаг ажээ.  ХХЕГ-аас ирсэн албаны хүмүүс анги, заставын үйл ажиллагаа, ахуй амьдралтай танилцаж  шалгахдаа хүмүүсийн хийж бүтээсэн зүйлд дэндүү шүүмжлэлтэй, заримдаа  доромжилсон өнгө аясаар ханддаг байна. Хувь хүн болон гэр бүл дэх сэтгэл зүйн асуудлуудаа шийдвэрлэж чадаагүйгээс болж бие өвчлөх, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэх нь элбэг. Ялангуяа хүн цөөтэй, шинэ мэдээ мэдээлэл авах боломж хязгаарлагдмал газруудад ихээхэн тохиолддог. Нийт бие бүрэлдэхүүний хувьд стрессээ тайлах аргыг мэддэггүйгээс удаан хугацааны буюу сэтгэлийн гүн шаналал, зовиуртай байх нь элбэг.

          Ажлын ачаалал их байх (ээлжгүй олон цагаар ажиллах) нь ажлын хариуцлага алдах, ажлын бүтээмж багасах, ажилдаа дур сонирхолгүй болох, цаашилбал ажлын байрыг орхих хүртэл үйлдэл хийхэд хүргэдэг. Мөн ажлаа явуулах тав тухтай нөхцөл муу, харуул манаанд явахад унаа уналга асуудалтай байдаг зэргээр үүргээ гүйцэтгэх таатай орчин нөхцөл бүрдээгүйгээс ажил, цэргийн албанаас залхах, орхих үндсэн нөхцөлүүд болдог.

Тус байгууллагад гарч буй онц хүнд гэмт хэргийн шалтгаан нөхцөл:

sudalgaanii ajiltai byren eheer  taniltsahiig hysvel dor dor durdsan negjid handana uu
  Sudlaachsiin hudulmur albanii yil ajilagaani ontslogtoi holbootoi zarim hesgiig oruulsangyi yldeelee. 

ХЗҮХ, ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ, КРИМИНОЛОГИЙН СЕКТОР

ХХЕГ, УЛСЫН ХИЛ СУДЛАЛЫН СЕКТОР


[1]  Хууль зүйн үндэсний хүрээлэн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторт төвлөрүүлэн, баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэсэн бөгөөд сэтгэл зүйчийг татан оролцуулж зарим аймаг, Нийслэлийн дүүргийн  цэргийн штаб, Хил хамгаалах байгууллагад алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн  ялтнуудтай ярилцлагын судалгаа хийв.

[2] Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл Дүн шинжилгээний төвөөс гаргасан “2009 оны гэмт хэргийн байдал” албан хэрэгцээнд зориулсан мэдээнээс

[3] Хавсралт 1-ээс үзэх

[4]  ХЗДХЯ-ны мэргэжилтэн/-тай хийсэн ярилцлагаас

[5] ХХЕГ-ын Мэдээлэл, соёл, сурталчилгааны хэлтсээс авсан сахилга зөрчлийн мэдээ, судалгаанаас

[6] Ахмад хилчинii 2009 онд хийсэн судалгааны дүгнэлтээс

[7] ХҮЭК-оос 2006-2007 онд хийсэн “Цэргийн алба хаагчдын эрхийн төлөв байдал” судалгаанаас 5 дугаар хуудас

[8] Судлаачдын баг Сэлэнгэ болон Дорноговь аймагт анкетийн болон ярилцлагын, бичиг баримтын судалгаа хийх явцад дүрмийн бус харилцаа “дэглэлт”-ийн талаар олж мэдэхэд ихээхэн бэрхшээлтэй байсан бөгөөд цэргийн алба хаагчдаас ийм асуулгад хариулахаас ямар нэг байдлаар зайлсхийж, эсхүл ор тас үгүйсгэж байв.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-11-24 -

Бичсэн: Зочин

angel loser not talking

. Шууд холбоос





:-)
 
xaax