Криминологи
Dateline: 2010-1-22
Цаазаар авах ял ба эрүү шүүлт

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн,

 хууль зүйн доктор П.Оюунчимэг

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд ...Хүн бүр амьд явах эрхтэй... хэмээн тунхаглажээ. Хүний эрхийн эхлэх цэг, язгуур сурвалж нь хүний амьд явах эрх төдийгүй байгаль дэлхийгээс хүн гэгч оюун ухаант бодгальд  заяасан ганц олдох хамгийн нандин бөгөөд эрхэм дээд эрх юм.

Хүний амьд явах эрхийг төрийн зүгээс хамгаалах ажиллагаанд цаазаар авах ялын тухай асуудал онцгой анхаарал татдаг төдийгүй хүнлэг бус харьцааны илрэл хэмээн олон улсын хүний эрхийн байгууллагууд үздэг. Цаазаар авах ялыг хэрэглэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байсан түүх байхгүй хэмээдэг билээ. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын хэмжээнд хүний заяагдмал эрхийг хүндэтгэн үзэх үүднээс энэ нь хэрцгий болон хүнлэг бус харьцаа гэж үзэн  цаазаар авах ялыг аль болох  хурдан халах ёстой хэмээн нийтээр үзэж байна.[1]

Европын Хүний эрхийн шүүхээс цаазаар авах ялыг гүйцэтгэхийг хүлээх нь хатуу дэглэмтэй шоронд удаан хугацаагаар хорьдог, ингэж удах нь  тухайн хүнд их хэмжээний тарчлаалтыг үүсгэдгээс гадна цаазаар авах арга хэлбэр нь Европын конвенцийн тодорхой заалтуудыг зөрчиж байна[2] хэмээжээ.

Цаазаар  авах ялаар шийтгүүлсэн хүний тодорхой бус байдал нь Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн 16 дугаар зүйлийг зөрчсөн хэрцгий болон хүнлэг бус харьцаа болох бөгөөд энэ тохиолдолд  цаазаар авах ялыг аль болох хурдан халах ёстой гэж  НҮБ-ын Хүний эрхийн комисс үзжээ. Мөн цаазаар авах ялыг онцгой хэрцгий, хүнлэг бусаар доромжилсон шийтгэл гэж  олон улсын Эмнести Интернэйшнлийн “Эрүү шүүлтийг устгах” хоёрдугаар[3] кампанит  ажлынхаа илтгэлд дурдман байна.

НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн  1984 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1984/50 дугаар тогтоолоор “Цаазаар авах ялаар шийтгүүлэгчдийн эрхийг хамгаалах арга хэмжээнүүд”-ийг  баталсан байна. Эдгээр арга хэмжээ нь  цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэргийн хүрээг хамгийн ноцтой гэмт хэргээр хязгаарлаж, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан хүнд цаазаар авах ял оногдуулахыг хориглож, мөн жирэмсэн болон хүүхэд төрүүлээд удаагүй байгаа эмэгтэйчүүд, түүнчлэн сэтгэцийн өвчтэй хүнийг цаазаар авахгүй байхаар заасан байна.

Цаазаар авах ялыг гэмт хэрэгт яллагдаж байгаа этгээдийн гэм буруу нь  хэргийн байдлыг өөрөөр тайлбарлах боломжгүй итгэл үнэмшилтэй, тодорхой ойлгомжтой нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд л оногдуулж болохыг заажээ. Үүнээс гадна байцаан шийтгэх ажиллагааны тодорхой баталгаа бий болгож, цаазаар авах ялыг гүйцэтгэхдээ аль болох бага тарчлаан зовоох аргыг хэрэглэхийг шаардсан байна.

Нөгөө талаар энэ тарчлаалт нь цаазаар авах ялыг гүйцэтгэх хугацааг хүлээх үед илүү тодоор мэдрэгддэг байна....ингэж удаан хугацаагаар хүлээх нь тухайн хүнд их хэмжээний тарчлаалт үүсгэдэг.[4]АНУ-ын Флорида мужид үхлийн тариагаар тарьж гүйцэтгэсэн Анжел Диаз[5] гэгчийн цааз гүйцэтгэх ажиллагаа  34 минут үргэлжилсэн байна.Тариурын зүү нь үхлийн хэмжээтэй химийн холимогуудын түүний судас руу оруулж чадаагүйгээс болж тэр 20 минутын туршид нүүр амаа татгануулан хөдөлж, ярихыг оролдож байжээ.Энэ явдал нь үхлийн тариагаар тарих гүйцэтгэлийн үйл явцад мөрдөн шалгалт хийх шаардлагатайг харуулж байна гэж Эмнести Интернэйшнл байгууллага үзсэн байна.

Өнөөдөр дэлхийн  улс орнуудын гуравны хоёр нь буюу 133 улс цаазаар авах ялыг хуулиндаа болон практикт халаад байна. 90 улс орон газар нутагт бүх төрлийн гэмт хэргүүдэд цаазаар авах ял оноохыг зогсоож, 11 улс дайны үеийн гэмт хэргээс бусад тохиолдолд цаазаар авах ялыг оноохыг хориглож, 32 орон цаазаар авах ялыг практикт халсан бөгөөд хуулинд нь байгаа[6] /de facto болсон/ хэдий ч сүүлийн 10 гаруй жил нэг ч цаазаар авах ялыг гүйцэтгээгүй байна. Бусад 64 орон цаазаар авах ялыг хэрэглэж байгаа ч хэд хэдэн орнуудад нэг жилд гүйцэтгэх тоо нь буурсаар байгаа юм.[7]

 Монгол улс бол цаазаар авах ялыг хэрэглэдэг орны нэг бөгөөд  түүхийн үүднээс үзэхэд алах ялыг ихээр хэрэглэдэг байсан байна. Харин манай улс ХХ зууны дунд үеэс энэ ялыг хязгаарлах, хүчингүй болгох гэх мэт дэвшилттэй оролдлогуудыг хийж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл энэ ял хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.

Алах ялыг бүрмөсөн баталгаатай устгахаар хуульчлаагүй цагт эрх баригчид бүлэглэлийнхээ ашиг сонирхлын үүднээс болон олон нийтийн сэтгэл зүйн хөөрлийг далимдуулж алах ялыг сэргээх, түүнийг хэрэглэх сонирхолтой байдгийг судалгаа баталж байна.

Тодорхой жишээ дурдахад Монгол улсад 1930-1940 онуудын хооронд явагдсан их хэлмэгдүүлэлтийн үед гэм буруугүй хүмүүсийг эрүүдэн шүүж тамлан зовоож хувьсгалын эсэргүү хэмээн 30000 орчим хүнийг  баривчилж устгасны дотор  зөвхөн лам нар 17000 гаруй байсны 14000 орчмыг алах ялаар шийтгэж шууд  гүйцэтгэсэн баримт байдаг.[8]

1955 оны 3 дугаар сарын 21 хүртэл ажиллаж байсан  “Тусгай комисс” нэртэй байгууллага нь 25 жилийн хугацаандаа 184 удаагийн хуралдаанаар  улс төрийн хэрэгт орсон 5728 хүний хэрэг хэлэлцэж 385-ыг буудан алах ялаар  яллажээ. Харин 1937 оны Ежовт тайлангаа тавьдаг завсрын “тройка” бол үүнээс тусдаа Онцгой комисс нэртэй.Тэр нь шүүн таслах мөрдөн байцаах эрх бүхий. Энэ комисс 1937 оны 10 дугаар сарын 2-нд байгуулагдаж, 1939 оны 4 дүгээр сарын 22-нд татан буугдах хүртлээ 51 удаа хуралдан 25 785 улс төрийн хэрэгтнийг авч хэлэлцэн 20 099-ийг нь цаазаар авч 5 739-ийг нь хорих ялаар шийтгэжээ.[9]

Нэг удаагийн хурлаар 40-өөс 1 278 хүний хэргийг бөөнөөр нь хэлэлцэж бараг л бүгдээрэнд нь буудан хороох ял өгч байлаа. Энэ үед Улсын дээд шүүх, ДЯЯ-ны дэргэдэх тусгай комисс, цэргийн шүүх, Онцгой комиссын шүүн таслах хувьсгалын эсэргүү хэрэгт 29 188 хүнийг шийтгэснээс 8 эмэгтэйг цаазаар авах ялаар хороосон байлаа.[10]

Монгол улс дахь цаазаар авах ялын түүхэн хөгжил::

·         Манжийн ноёрхлын үед цаазаар авах ялыг цавчин алах, огтчин алах, хөвчдөн алах гэсэн гурван  хэлбэрээр гүйцэтгэж байсан байна. Олноо өргөгдсөн Монгол улсын үед цаазаар авах ялыг Богд хааны зарлигаар гүйцэтгэх болсон бөгөөд энэ тухай “Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг”-т “ ...Аливаа алах ял оноовоос зохих ялт хүнийг олон засгуудын газраас шүүж, ялын учрыг гарган бичиж, чуулганы даргад мэдүүл.Чуулганы даргын газраас хянаж уламжлан Шүүх яаманд мэдүүлж, шүүх яамнаас тогтоон шийтгээд, зарлигийг гуйж айлтгахаар... тогтсон байв.

·         1921 онд хувьсгал ялсны дараа 1921 оны 7 дугаар сарын 30-ын өдрийн 7 дугаар хурлаар алах ялыг цөлөх, дөнгөлөх, пүнлүү хасах, золио авах ялуудын хамт устган өөрчилж байснаа 1923 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор зэвсэгт дээрэм хийх, бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах хэргүүд болох онц хүнд төрлийн гэмт хэргүүдэд алах ялыг хэрэглэхээр сэргээсэн бөгөөд түүнээс хойш эрүүгийн эрх зүйн  ялын төрөл болон тухайн ялыг оногдуулж болох гэмт хэргийг зааж ирсэн байна.

·         1924 оны  Шүүх цаазын бичигт (Эрүүгийн хууль) 10-аад төрлийн гэмт хэрэг дээр цаазаар авах ял оногдуулахаар зааж байсан байна. Тухайлбал хувьсгалын эсэргүү гэмт хэргүүд, засаг захиргааны журмыг эсэргүүцсэн бөгөөд БНМАУ-д онц аюул бүхий гэмт хэргүүд, албан тушаалын эсрэг гэмт хэргүүд, хүний амь бие, эрүүл мэнд ба эрх чөлөө, нэр алдарт харшлах гэмт хэргүүд, цэргийн гэмт хэргүүд, тэр ч байтугай эд хөрөнгийн шинж чанартай гэмт хэргүүдэд цаазаар авах ялыг оноохоор заасан байжээ.

·         1942 оны Эрүүгийн хуулийн 44 зүйлд цаазаар авах ял хэрэглэхээр тогтоосон нь өмнөх эрүүгийн хуулиас  цаазаар авах ял хэрэглэж болох хэргийн тоог хоёр дахинаар нэмэгдүүлсэн явдал болжээ. Ийм байдалд хүргэхэд  цэргийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг өргөн хэрэглэхээр болсон нь шууд нөлөөлжээ. ”Хувьсгалт төр засаг хийгээд улс нийтэд онц аюул бүхий хүнд гэмт хэргүүдтэй хатуугаар тэмцэхийн тулд хуулийн зүйлүүдэд тусгайлан заасан байвал  улс нийтийг хамгаалахын тулд туйлын арга болох буудан алах ялыг хэрэглэнэ” гэж энэ эрүүгийн хуулинд заасан байна. Харин уг гэмт хэргийг үйлдэх үед 18 нас хүрээгүй байсан хүмүүс ба бие жирэмсэн буюу хөхүүл хүүхэдтэй хүмүүст цаазаар авах ял ногдуулахыг эл хуулиар хориглосон байна.

·         БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн “Улсын ба олон нийт, хоршооллын байгууллагуудын өмчийг хамгаалах тухай” 5 дугаар тогтоолд  улсын ба олон нийт, хоршооллын байгууллагын өмчийг онц хортой аргаар буюу зохион байгуулалттайгаар мөн түүнчлэн улсын ба олон нийтийн мөнгөн хөрөнгө, үнэ бүхий бусад эд материалыг үлэмжхэн хэмжээгээр хулгайлсан, шамшигдуулсан гэмт этгээдийг буудан алж байхаар тогтоожээ.[11]

БНМАУ-ын АИХТ-ийн 1953 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн “Алах ялыг өөрчлөх тухай”  93 дугаар зарлигаар Эрүүгийн хуулийн тусгай ангид байсан эх орноосоо урвах, тагнуул хийх хэргүүдэд оногдуулахаар байсан цаазаар авах ялыг хүчингүй болгон “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс энх тайван цаг үед алах ялыг хойшид хэрэглэхийн хэрэггүй гэж үзнэ” гэж зааж байсан боловч 1954 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар бусдыг хүндрүүлэн үзэх шалтгаантай санаатай алсан хэрэгт алах ял оногдуулах болсон байна.

·         1961 онд Эрүүгийн хуулинд орсон өөрчлөлтөөр онцгой ял- цаазаар авах ялыг эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, түүнчлэн уг хэргийг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан хүмүүст оногдуулж болохгүй гэж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэргүүдийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, эх орноосоо урвах, тагнуул хийх, улс төрийн зорилгоор аллага хийх, хорлон сүйтгэх, дээрэм, хулгай, бусдыг хүндрүүлэх шалтгаантайгаар санаатай алах, олон нийтийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулах, хөдөлгөөний аюулгүй байдал, авто моторт буюу цахилгаан тээврийг ашиглах дүрэм зөрчих гэх мэт 12 төрлийн гэмт хэрэгт уг ялыг оноож байхаар хуульчилсан байна. Гэхдээ цаазаар авах ялыг хорих ялтай сонгож хэрэглэхээр тогтоосон байна.

·         Үүний дараа 1987 оны шинэчилэн найруулсан хуулиар зарим төрлийн гэмт хэргүүдийг нэмж, заримыг нь хасаж нийт 12 төрлийн гэмт хэрэгт уг ялыг хэрэглэж байхаар заажээ.Энэ хуульд цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээд амь уучлахыг гуйх эрхтэй бөгөөд амь уучилсан тохиолдолд цаазаар авах ялыг 15-20 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солих тухай заалтыг оруулсан байна. Мөн хуулиар 18 нас хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оногдуулахыг хоригложээ.

·         1993 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль “ баталж өмнөх Эрүүгийн хуулиар 10 төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулж байсныг 5 төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар тогтоосон ба энэ нэмэлт өөрчлөлтөөр цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд хугацаагүй хорих ялаар солихоор зааж, улс төрийн зорилгоор аллага хийх, улс төрийн зорилгоор гадаад улсын төлөөлөгчдийн эсрэг аллага хийх, хорлон сүйтгэх, бусдыг санаатай алах, хүчиндэх  гэх гэмт хэргүүд багтсан байна.

·         2002 оны шинэ эрүүгийн хуулиар төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүнийг санаатай алах, хүчиндэх, зандалчлах, төрлөөр устгах гэсэн 6 төрлийн гэмт хэрэгт  ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оноож байхаар хуульчилсан байна. Монгол улс одоогоор цаазаар авах ялыг хэрэглэж буй улс орнуудын нэг боловч эрх зүйн хөгжлийнхөө түүхэнд уг ялыг хэрэглэхийг хэд хэдэн удаа хязгаарлаж,  хүчингүй болгож байсан байна.

Цаазар явах ялыг хэрэглэж байгаа байдал.

1990 оноос 2000 онд анхан шатны шүүх цаазаар авах ялыг 259 хүнд оногдуулсан байх ба 2005 онд бусдыг санаатай алсан 276 гэмт хэрэгт 312 хүн шийтгүүлсэн бөгөөд  цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүний тоо нийт ялын дотор 0.3 хувийг эзэлж байна.

Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг давах шатанд хянагдсан эсэхээс үл хамаарч заавал Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хянах журмыг 1993 оноос мөрдсөн нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын ....энэхүү шийтгэлийг гагцхүү эрх бүхий шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх эцсийн тогтоолыг биелүүлэх  замаар хэрэгжүүлж болно.... гэсэн заалттай нийцсэн байна.

Цаазаар авах ялыг уучлах, хэвээр үлдээх эсэх нь Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг тул Улсын дээд шүүх хянасны дараа цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдэд уучлал үзүүлэх үндэслэл байгаа эсэхийг Монгол улсын Ерөнхийлөгч хянан үздэг.[12]  “Уучлал үзүүлж цаазаар авах ялыг өөрчлөхийг хүссэн өргөдлийг хянан  шийдвэрлэх журам”-ыг Ерөнхийлөгчийн зарлигаар батлан мөрдөж байгаа бөгөөд энэхүү зарлиг нь нууцын зэрэглэлд хамаарч байна.

Эрүүгийн хуулинд[13] зааснаар: “Цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээд Монгол улсын Ерөнхийлөгчид  хандаж уучлал хүсэх эрхтэй. Монгол улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд 30 жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино” гэж заасан. Судалгаанаас үзэхэд:

Сүүлийн 40 жилд 965-2007 оны хооронд шүүхийн статистикийн албан ёсны тоо баримтаас харахад 865 хүнд цаазаар авах ял оногдуулсан байна[14].Шүүхээс цаазаар авах ял оногдуулах явдлын өсөлт бууралтад дагаж мөрдөж буй эрүүгийн хууль тус улсад үйлдэгдэж буй гэмт явдлын шинж буюу онц хүнд гэмт явдлын гаралт, улс орны нийгэм эдийн засагт гарсан эрс өөрчлөлт тухайн цаг үеийн шүүхийн ялын бодлого, хүмүүсийн амьдралын түвшин, нийгмийн сэтгэл зүйн байдал гэх зэрэг хүчин зүйлс шууд нөлөөлдөг болох нь тодорхой байна. Тухайлбал тухайн цаг үеийн шүүхийн ялын бодлого цаазаар авах ялд хэрхэн нөлөөлдөгийг ганцхан жишээгээр харуулахад 1984 онд МАХН-ын Төв Хорооноос хуулийн байгууллагуудад хууль ёс ноцтой зөрчигдөж байгаа талаар авах зарим арга хэмжээний талаар тогтоол гаргаж, улмаар ялын бодлогыг чангатгах чиглэлийг хуулийн байгууллагын удирдлагад өгч байжээ. Үүнээс шууд шалтгаалан 1985 онд цаазаар ял шийтгүүлэгсдийн тоо 1965 онтой харьцуулахад 285,7 хувиар, өмнөх онтой харьцуулахад 58,8 хувиар гэнэт огцом өсөх хандлага ажиглагдаж байв.

2000 онд шүүх 13 хүнд цаазаар авах ял оногдуулснаас УДШ-ийн давж заалдах шатны тэдгээр тогтоолуудаас 3-ыг өөрчлөн, 2 -ыг хүчингүй болгож байжээ.[15]

2002 оны манай эрүүгийн хуулийн ялын бодлогыг хатуу чанга болгосноор шүүхээс цаазаар авах ял хэрэглэх байдал өмнөх үеийнхтэй харьцуулахад үлэмж нэмэгдсэн байна. Тухайлбал 2003-2005 онд өмнөх онтой харьцуулахад цаазаар авах ялаар шийтгүүлэгсдийн тоо 20 гаруй хувиар тогтвортой өсөх хандлага ажиглагдаж байна.

 

Цаазаар авах ялыг хэрэглэхдээ хүнийг хилсдүүлэхгүй хуулийн баталгаа байгаа хэдий ч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүнийг эрүүдэн шүүж хилс хэрэг хүлээлгэх, залхаан цээрлүүлэх, тамлан зовоож хийгээгүй хэргийг хүлээтэл нь эрүүдэн шүүлт тулгах, бие махбодь сэтгэл санааны хүчтэй дарамт шахалтыг үзүүлэн байж цуглуулсан  мэдүүлгүүдийг шүүх нягтлан сайтар шинжлэлгүйгээр тэрхүү нотлох баримтанд үндэслэн таслан шийдвэрлэж, цаазаар авах ялыг хилсээр оногдуулсан ноцтой баримтууд байсаар байна.

Нийслэлийн шүүх хэргийн бүрдэл хангагдаагүй, улмаар “Ганц худаг”-ийн цагдан хорих төвд эрүүдэн шүүж, тамлан зовоож, залхаан цээрлүүлж авсан мэдүүлгүүд дээр үндэслэн  1999 онд БЗД-ийн нутаг дэвсгэрт орших  “Food Land”  худалдааны төвийн 2 манаачийн амь насыг зэрлэгээр хороосон гэх хэрэгт нэр бүхий 5 иргэнийг хилсээр шийтгэн 2 хүнд цаазаар авах ял оногдуулсан байх бөгөөд тэдгээр таслан шийдвэрлэх тогтоолыг Дээд шатны шүүх хүчингүй болгон нэмэлт мөрдөн байцаалтанд дахин шалгуулахаар буцааж байжээ.

Гэтэл энэ хэрэг 2004 оны 6 сард анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд нэр бүхий 4 хүнд холбогдох /нэг холбогдогч нь цагдан хорих төвд хоригдож байхдаа нас барсан/ хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг дээд шатны шүүх хэвээр баталсан .

Завхан аймгийн харьяат Э-д бусдыг санаатай алсан гэх  хэргээр шүүхээс 3 удаагийн цаазаар авах ялыг оноож байсан байна. Гэтэл “Э” энэ хэрэгт холбогдолгүй  7 жилийн дараа Монгол Улсын Дээд шүүхээс  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан баримт байна.

Дүгнэлт

Цаазаар авах ялын хүний эрхийн эсрэг ноцтой шинж чанар нь:

        I.     Хүний амийг урьдчилан тогтоосон санаатай устгаж байгаа учраас хүмүүнлэг ардчилсан төрийн бодлого, үйл ажиллагаатай үндсээрээ харш юм.

       II.    Хоёрдугаарт хэрэг үйлдсэн этгээдийг бие хүнийх нь хувьд  шууд устгаж байгаа тул гэм буруутай этгээдийн хувьд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх буюу түүнийг хүмүүжүүлэх тухай эрүүгийн хуулийн эрүүгийн ялын зорилготой нийцэх ямар ч шинж байдаггүй.

      III.    Шүүхээс алдаатай шийдвэр гарсан тохиолдолд цагаатгасан ч дахин сэргээгддэггүйд хамгийн гол аюул нь оршиж байгаа юм.[16].

Цаазаар авах ял[17] нь бие хүнийг нийгмийн гишүүнийх нь хувьд бүр мөсөн үгүй хийж, төрөөс хүнийг зориуд санаатайгаар алж устгаж байгаа болон цаазаар авах ял оногдуулснаас хойших бүх үйл ажиллагаа нь ихэнх тохиолдолд нууц далд аргаар хөндлөнгийн ямар нэгэн хяналтгүйгээр зохион байгууллагддаг учраас эрүү шүүлт, туршилт, хүч хэрэглэхийг ямагт нөхцөлдүүлж байдаг. Ийнхүү ялын гүйцэтгэлийг тойрсон нууцлалын асуудал нь харгис хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжлон харьцаж, шийтгэж байгааг халхалдаг хэмээн олон улсын хүний эрхийн судлаач, шинжээч, бие бүрэлдхүүн үздэг байна.

Цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээдийн цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгдөггүй нь нэг талаараа эрүүдэн шүүлтийн конвенцийн тодорхойлолтын дагуу гуравдагч этгээд болох гэр бүл төрөгсдөд нь учирч байгаа сэтгэл санааны маш том хохирол болдог нь нууц биш юм. Манайд цаазаар авах ялыг буудаж гүйцэтгэхээр заасан байдаг нь бага тарчлаах гэсэн санааны илрэл юм[18]. Буудан алах ялыг гүйцэтгэх журмыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг ч энэхүү зарлиг нь Монгол улсын Төрийн нууцын тухай хууль[19], Төрийн нууцын жагсаалт батлах[20] тухай хуулиудын дагуу төрийн нууцын зэрэглэлд хамаардаг. Тиймээс цаазаар авах ялыг ямар байгууллага, хэрхэн гйүцэтгэдэг, цогцсыг хэрхэн оршуулдаг, иргэний бүртгэлээс хэрхэн хасдаг зэрэг нь тодорхой бус байдаг. Манай Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар “...цаазаар авах ял шийтгүүлсэн ялтанд шүүх хуралдаан дуусмагц гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнтэйгээ нэг удаа уулзах боломж олгоно”[21] гэж заасан байдаг. Ял шийтгүүлсэн хүний гэр бүлийн гишүүдэд тухайн ялын гүйцэтгэх хугацаа, үйлдэх газрыг хэлдэггүй, цогцсыг нь хүлээлгэж өгдөггүйгээс нэгэнт гэм буруутай үйлдэлдээ тохирсон ялаа эдэлсэн “хүний цогцос нь” хүртэл дахин төрийн цээрлэл хүлээж буй юм.

Цаазаар авах ялыг халж байгаа болон хяналтандаа авч байгаа орнууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Хамгийн ойрын жишээ бидний хөрш ОХУ цаазаар авах ялыг халсан бөгөөд БНХАУ нь 2007 оны 1 сараас эхлэн ялын дээд хэмжээ авах оногдуулах хуулиндаа өөрчлөлт оруулсан байна. Хятадын анхан болон дунд шатны шүүх 1980 оноос хойш цаазаар авах ялыг оногдуулах эрхтэй байсан бол одоо Хятадын Дээд шүүхээс энэ ялыг оноож байхаар хуульчилсан байна.

            Бусад орнуудын чиг хандлагыг судлаад үзэхэд цаазар авах ялыг халахдаа нийгмийн сэтгэлүйг ихээхэн харгалзан үздэг, шууд хууль тогтоомжоосоо энэхүү ялыг хасалгүйгээр, хэрэглэх тохиолдолыг багасгах, улмаар цөөхөн болгох замаар аажмаар   халдаг сайн жишиг байдаг байна. 

Иймээс манай улсын хувьд эрүүгийн ялын бодлогодоо цаазаар авах ял ногдуулах эрүүгийн хуулийн санкцтай зүйл, хэсгийг цөөлөх, аажмаар халах замаар хүний салшгүй, заягдмал эрх болох амьд явах эрхийг олон улсын гэрээ, конвенцид заасан наад захын стандартад нийцүүлэх боломж бүрдэх юм.    

 


[1] 2006 он гэхэд 55 оронд 3861 хүнд цаазын ял оноож,25 оронд хамгийн багаар бодоход 1591 цаазаар авах ял гүйцэтгэсний 91 хувийг Хятад,Иран,Пакистан, Ирак,Судан, АНУ эзэлж байна.

[2] Сombating on torture, 2000

[3] Эмнести Интернэшнл,1975 он,Эрүү шүүлтийн талаарх тайлан,23-р тал

[4] Чарльз Читат ,Канадын эсрэг хэрэг,1993.11.5

[5] 2006 оны 12 дугаар сард АНУ-ын Флоридад Анжел Диаз гэгчийг химийн хорт холимогуудаар тарьж цаазын ялыг гүйцэтгэх үедээ эрүүдэн шүүсэн гэсэн дүгнэлтийг гаргасан. he wire.Amnesty international February-2007, 37

[6] De facto- эцэслэгдсэн хүлээн зөвшөөрөлт биш. Ийм хүлээн зөвшөөрөлт нь ихэвчлэн түр зуурын шинжтэй дараа нь de jure  шилжих үе шатыг дамждаг. De jure- албан ёсоор хүлээн зөвшөөрөх үе шат 

[7] www.amnesty.org  сайт, дэлгэрэнгүй мэдээлэл, 2006 онд Филиппин, 2007 оны 6 дугаар сард Киргизстан цэргийн гэмт хэргээс бусад хэргүүдэд, 2007 онд Албани, Руанда улс хамгийн  сүүлд цаазаар авах ялыг халсан байна.

[8] Г.Совд,Монгол улсын үндсэн хууль- хүний эрх,1999 он,46-р тал

[9] М.Бадарч,Нүгэл хийх амархан,буян үйлдэх хэцүү/Тусгаар тогтнол сонин1990/¹100 НАХЯ-ны архив

[10] Баабар Монголчууд Нүүдэл суудал-II,  587-р тал

[11] Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял,2006 оны 10 сар, 6-р тал

[12] Монгол улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 33-1-дэх хэсгийн 8-д зааснаар Монгол улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлэх бүрэн эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зарлиг гаргана.

[13] Эрүүгийн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь заалт

[14] Амьд явах эрхийг үгүйсгэсэн цаазын ял байх нь зөв үү?,нийтлэл,Зууны мэдээ,2008.06.18 №147907

[15] Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал 2001,Улаанбаатар,76 дахь тал

[16] Г.Совд, Монгол улсын үндсэн хууль-хүний эрх,1999 он,48-р тал

[17] Цаазаар авах ял нь гэмт хэрэгтнийг алдаагаа давтахаас урьдчилан сэргийлэх, бусдыг хамгаалах үүднээс хэрэглэж байгаа шийтгэл мэт боловч нөхцөл байдлыг маш хянамгай авч үзвэл үнэхээр зөв шийдэл биш юм гэдгийг мэдэж болно хэмээн Дээрхийн Гэгээн Арвандөрөвдүгээр Далай Лам Данзанжамц дэлхий даяар цаазаар авах ялыг гүйцэтгэхээ зогсоох санаачлагыг дэмжсэн илгээлтэндээ дурдсан байна.

[18] Эрүүгийн хуулийн 53-р зүйл

[19] Төрийн нууцын тухай хууль 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалт

[20] Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль,1 дүгээр зүйл 1.55 дахь заалт

[21] Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331-р зүйлийн 331.1 дэх заалт

 

 

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-11-14 -

Бичсэн: до (зочин)

алга ташилт

. Шууд холбоос

2010-6-18 -

Бичсэн: Зочин

Цаазаар авахаа болиочээ.Юугий нь удаад юугаа яриад бдаг юм.Арын хаалгатай, танил талтай бол голомтоор нь хүйс тэмтэрсэнч цаазаар авахгүйшдээ.Өндөр яланд хөөрхий ядуусын, танил талгүй, хөрөнгө мөнгөгүй, хахууль өгч чадахгүй нь өртөж бгаа.Олон жил өгөхөөч болих л хэрэгтэй ш дээ.Олон жил суулгалаа гээд улс хохирно.Ганц жилд бүх юмыг ойлгуулж болно ш дээ.Ялын хэмжээгээ багасгаж хүмүүжүүлэх аргаа өөрчлөөчээ.Өршөөлийн хуулиа хүн бүрт хүртээгээч зүйл ангиар нь юунд ялгаварлана вэ.Үндсэн хуулиа зөрчиж байгаа бусуу.

. Шууд холбоос

2010-6-18 -

Бичсэн: Зочин

Ёстой зөв бна.Хүнийг аллаа гээд цаазаар авах онцгүй биздээ.Хүн амины хэрэгтэй хүн дахин дахин хүн алахгүй биздээ.Хулгайч бол арваас дээш гарчихсан явж л бдаг.Цаазаар авахаа хурдан больж хүн амины хэргийн олон жилийг цөөлөх хэрэгтэй.Олон жил шоронд суулаа гээд яах юм.Шоронд нэг жил суухад л ухаарах хүн ухаарна.Ухаарахгүй бол насаар нь суулгасан ч ухаарахгүй.Ялын бодлого хэтэрхий олон жил өгч бна.Улсад ч гэсэн хохиролтой бусуу олон жил тэжээх.жил нь богинохон хатуухан байвал болоо бишүү.Ээгий, Нямка ах нар сайн бод

. Шууд холбоос

2010-3-25 -

Бичсэн: amulet

gadnaas neg hun bailtsuuldg gsnshde. tgd ter buudj horoosn huniig n bs tsagaatgasan tushaal unshdg gsen, setgegdel ustsan yum shg bn, shaltgaan bnuu???? my heleh ug bl hunii amid yawah erhiig zurchsun hun amid yawah erhgui. ta nariin oir dotnii(uuchlaarai), tanidg mddg hen negnd iimerhu yum tohioldwl ta nariin bodol oorchlogdnoo, bi bl tiimerhu sdanuudg almaarl sanagddgiin

. Шууд холбоос

2010-3-25 -

Бичсэн: Зочин

гоё шүү

. Шууд холбоос

2010-3-25 -

Бичсэн: Зочин

mundag yum aa : алга ташилт

. Шууд холбоос

2010-2-24 -

Бичсэн: dadido

муу нямка ах нь ойлгох болов уу

. Шууд холбоос

2010-2-24 - er ni bol tiimsht

Бичсэн: Обдоо

nuutslal ene ter geheesee ilyy ter nuhriig tsaazalsan esehiig medeh arga eruusuu bhgyi sht

. Шууд холбоос

2010-1-22 -

Бичсэн: Зочин

Цаазаар авсан ч цогцосыг нь өгдөггүй, бас энэ бүхэн төрийн нууцад ордог бол цаазалсан нэрийн дор тэр нөхөрийг суллан явуулсан эсүүл, амьд байлган ямар нэгэн туршилтанд оруулдаг, эсүүл задлан хийгээд эд эрхтэнг нь зарсан байсан ч маниус мэдэхгүйм байна тэ ккккккк

тийм юм байдаг болуу гээд л cool cool smug

. Шууд холбоос


idiomatic-dormant