Криминологи
Dateline: 2009-05-27
ОНЦ БАЙДАЛ

Онц байдал тогтоосонтой холбогдуулан нйигмийн зүгээс янз бүрийн байр суурийг дэвшүүлж, янз байр сууринаас тайлбарлаж байсан. Энэхүү өгүүллийг бичихдээ 7 сарын 1-ний өдрөөс хойш гарсан бүх сонины нийтлэл, мэдээ баримтыг уншиж,  ном сурах бичиг, онолын ойлголтууд, холбогдох хууль тогтоомжид судалгаа, шинжилгээ хийж, хууль зүйн үүднээс тайлбарлахыг зорьлоо.

Жагсаал:  Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч жагсаал цуглаан хийхэд заавал зөвшөөрөл авч байх ёстой гэж хуульчилсан. “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэдэг.[1]  Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй байдаг. [2] Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг.[3]

            Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлэх бөгөөд мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заасан байх ёстой. Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ.

Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга 3 өдрийн дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэйгээс гадна Засаг дарга дурдсан хугацааны дотор хариу мэдэгдээгүй бол зохион байгуулагч нь мэдэгдэлд дурдсан газарт, түүнд заасан хугацааны дотор жагсаал, цуглааныг зохион байгуулах эрхтэй байдаг.

Гадаадын ихэнхи оронд жагсаал цуглаан хийхэд заавал зөвшөөрөл авах албагүй бөгөөд харин хийх жагсаал цуглааныхаа талаар урьдчилан мэдэгдсэн байдаг.  Хуулийн зохицуулалтанд шүүмжлэлтэй хандах нэг зүйл бол засаг дарга зөвшөөрөл өгөх асуудал юм. Засаг дарга нь намын харъяаллын дагуу томилогддог нь эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх зөвшөөрөл өгөхөд нөлөөлөх эсэхийг үгүйсгэх аргагүй. “Эсэргүүцлийн жагсаал” гэдэг нь санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлэн олон нийтээрээ, тайван цуглаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа улс төрийн цуглааныг хэлдэг.[4]  Тэгвэл тухайн үед болсон жагсаал, цуглаан нь зөвшөөрөл аваагүй, урьдчилан мэдэгдээгүй зэрэг эхнээсээ л  хууль зөрчсөн үйлдэл болон хувирч, нийгмийн хэв журам алдагдаж, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн. Цагдаагийн байгууллага нь гудамж, талбай, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал, орон сууц зэрэг олон нийтийн газар хууль тогтоомжоор болон төрийн эрх бүхий  бусад байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх журмыг сахиулж, хүн амын амгалан тайван байдлыг хамгаалах үүргийнхээ дагуу[5] жагсаал цуглааны явцад бий болсон нийгмийн хэв журам зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох, обьектыг хамгаалах үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.  

“Нийгмийн хэв журам” гэдэг ойлголтонд нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлтөөэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажмиллагага хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгодог. Энэхүү хэм хэмжээг хууль тогтоомж, зан заншил, ёс суртахууны шаардлагын алинаар тогтоосон ч болно.[6]   “Нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн /нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчиж, олон нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах, хамтын аж байдлын ёс горимд харшилсан санаатай үйлдэл/ захиргааны “танхайрах” зөрчлийн шинжтэй үйлдэл нь даамжирч, нийгмийг хор аюул нь нэмэгдэж олон нийтийг /олон нийт” гэдэг нь нийтийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт[7]/ хамарсан эмх замбараагүй байдал болон хувирч, гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн байна.

 

Цагдаагийн байгуулагын үйл ажиллагаа зэвсэг хэрэглэлт:

Цагдаагийн байгууллага, алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ дараахь тусгай хэрэгсэл, мэх ашигладаг:[8] Үүнд:

                        1/ олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;

                        2/ нэг бүрийн тусгай хэрэгсэл;

                        З/ тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;

                        4/ хамгаалах тусгай хэрэгсэл;

                        5/ самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх;

                        6/ албаны нохой.

Цагдаагийн тусгай хэрэгслийг олон хvнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, нэг бvрийн тусгай хэрэгсэл гэж хоёр ангилдаг. “Нийтийн эмх замбараагvй байдлыг болон нийгмийн хэв журмыг бvлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох, байгууллага, иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан, гудамж замын хөдөлгөөнийг бvслэн хаасныг чөлөөлөх зэрэг хэд хэдэн зорилгоор олон хvнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэдэг”[9]  Долдугаар сарын 1-нд чухамхvv тийм тусгай хэрэгслийг хэрэглэх нөхцөл, шаардлага vvссэн. Гэтэл олон хvнд нөлөөлөх тусгай хэрэгсэл цагдаагийн байгууллагад байгаагүй байна.

Резинэн сумтай буу бол олон хvнд нөлөөлөх тусгай хэрэгсэл биш, нэг бvрийн тусгай хэрэгсэл. Олон хvнд хэрэглэх тусгай хэрэгсэл байгаагvй нь vйл явдлыг даамжруулах, ялангуяа цагдаагийн алба хаагч нар олноороо бэртэж гэмтэх гол нөхцөл болсон.  Нэг хүнд нөлөөлөх хэрэгслийг нэг бүрийн тусгай хэрэгсэл гэх бөгөөд дараахь хэрэгсэл хамаарна:. гар, хөл, хурууны гав; хүлэг, ороох цамц, резинэн бороохой; цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр; резинэн ба хуванцар сумтай буу.

Цагдаагийн алба хаагч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэж болно.

Галт зэвсэг хэрэглэлт: "Байлдааны зориулалттай галт зэвсэг" гэж  зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллага хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа галт зэвсгийг хэлдэг[10].  

Гэмт vйлдлийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх асуудлыг хоёр хэсэгт хувааж ярьж болох юм. Мөн цагдаа, цэргийн биш хvмvvс ч тодорхой тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно. Цагдаагийн алба хаагч vvргээ гvйцэтгэж байхдаа галт зэвсэг хэрэглэж болох долоон нөхцлийг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дvгээр зvйлд тодорхой зааж зохицуулсан. Тvvний нэгдvгээрт “цагдаагийн алба хаагч болон бусад хvний амь нас, эрvvл мэн¬дэд ноцтой хохирол учруулж болзошгvй байдлаар довтолсон” этгээдэд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Хуулийн энэ заалтыг 7 дугаар сарын 1-ний vйл явдалтай холбож хэлбэл, чулуу барин довтолж байгаа хvмvvсийн эсрэг “нийтийн дунд” буудаж болохгvй. Харин хайсны шовх vзvvртэй төмрийг салган авч цагдаагийн гуяыг жадалсан, бvлэглэн цагдааг зодож бэртээсэн, чулуугаар хvний тархийг хага цохисон зэрэг гэмт vйлдэл хийж байгаа тодорхой хvнд галт зэвсэг хэрэглэж болно. Энэ тохиолдолд цагдаагийн алба хаагч хэнээс ч зөвшөөрөл, тушаал авахгvй өөрөө шийдэж галт зэвсэг хэрэглэн, гарах vр дvнг өөрөө хариуцахаар заасан байдаг.

Дээр хэлсэн хоёр нөхцөлөөс гадна гэмт хэрэг vйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах тухай Эрvvгийн хуулийн 41 дvгээр зvйл, гарцаагvй байдлын тухай Эрvvгийн хуулийн 42 дугаар зvйлийг баримтлан цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх тохиолдол гарч болно. Эрvvгийн хуульд заасан аргагvй хамгаалалт гэдэг ойлголтын хvрээнд галт зэвсэг хэрэглэх эрх иргэн хvмvvст ч бий. Төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгvй чөлөөтэй байх зэрэг хууль ёсны эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор халдагч этгээдэд гэм хор учруулбал тvvнийг гэмт хэрэг гэж тооцохгvй гэж Эрvvгийн хуулийн 40.1 дvгээр зvйлд заасан. Энэ бол манай улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хvн бvрт албан тушаалын байдал, хуулиар хvлээлгэсэн vvрэг, нас, хvйс хамаарахгvйгээр олгосон эрх байдаг.

Долдугаар сарын 1-нд нийслэлийн төв хэсэгт болсон vймээний vед бусдын, тvvний дотор цагдаагийн алба хаагч хvний амь нас, эрvvл мэндэд хохирол учруулахаар хvйтэн зэвсэг барин бvлэглэн довтолсон, бусдын эд хөрөнгийг галдан шатаах, эвдэж устгах, дээрэмдэх зорилгоор дайрсан этгээдийг буудаж аргагvй хамгаалалт хийх эрх Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин байгаа хvн бvрт, тvvний дотор цагдаагийн байгууллагад ажилладаг хvн бvрт байсан. Тэгэхдээ довтолсон, дайрсан олны эсрэг “дунд” нь галт зэвсэг хэрэглэж болохгvй, гэмт vйлдэл хийж байгаа тодорхой хvний эсрэг галт зэвсэг хэрэглэж болно гэснийг онцгой анхаарвал зохино. 2002 оны Эрүүгийн хууль батлагдан гарахаас өмнө аргагvй хамгаалалтын vйлдэл нь учруулах гэм хорын хэмжээгээрээ халдагч этгээдийн учруулж болох байсан хохирлоос их байж болохгvй гэсэн хязгаарлалт байсан юм. Одоо мөрдөж байгаа Эрvvгийн хуулиар тэр хязгаарлалт байхгvй болсон.[11]

Цагдаагийн албан хаагч нь бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсний дараа хүний  эрүүл мэндийн байдалд өөрчлөлт гарах болон гэмтэл учирвал эмнэлгийн тусламж үзүүлж, эмчийн магадлагаа гаргуулна. Мөн тусгай хэрэгсэл,мэх хэрэглэсэн үндэслэл, хэрэглэсэн тусгай хэрэгсэл ба  мэх, хүний  эрүүл мэндийн байдалд гарсан өөрчлөлт, эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай даргадаа нэн даруй илтгэнэ. Бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэхийг үндэслэлгүй, буруу хэрэглэсэн, тусгай хэрэгслийг гээгдүүлж үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн тохиолдолд албаны шалгалт явуулж, буруутай албан хаагчид сахилгын арга хэмжээ авах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий  байгууллагад шилжүүлдэг байна.[12] 

Төрийн бус байгууллагаас явуулсан судалгаанд оролцсон сэжигтэн 71 хүний 49 нь өөрийн хэрхэн баривчлагдсан тухай мэдээлэл өгсөн бөгөөд тэдний 21 нь буюу 42,9 хувь нь Сүхбаатар талбай, түүний ойр орчмоос баривчлагдсан ажээ. Баривчлагдах үедээ тэдний дийлэнх олонх нь онц байдал зарлагдсан тухай сонсоогүй болон урьдчилсан сануулга сонсоогүй байна. Баривчлах үедээ цагдаагийнхан хүч болон тусгай хэрэгсэл хэрэглэсэн гэж судалгаанд оролцогчдын 97,7 хувь нь хариулсан бөгөөд тэдний 78,6 хувь нь бороохой, 21,4 хувь нь буу тулгасан гэсэн байна.[13]

 

Цагдаагийн удирдлага тушаал өгөх: Цагдаа галт зэвсэг хэрэглэх асуудлыг хоёр хэсэгт хувааж болно гэсний нэг нь буюу бvлэглэн довтолж байгаа хvмvvсийн гэмт vйлдлийг таслан зогсоох зорилгоор “нийтийн эсрэг” буудаж, галт зэвсэг хэрэглэх явдал юм. Энэ тохиолдолд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дvгээр зvйлийг удирдлага болгоно. Тэгэхдээ ийм байдлаар галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл, тушаалыг цагдаагийн байгууллагын эрх бvхий албан тушаалтан өгдөг. Эрх бvхий албан тушаалтан гэдэгт цагдаагийн төв болон нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлага, тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан хамаарна.

 

Олон нийтийг хамарсан үймээн, эмх замбараагүй  байдлыг таслан зогсоох үеийн үйл ажиллагаа:  Нийтийг хамарсан арга хэмжээний үед оролцогчдоос  хууль зөрчих, зохион байгуулагчийн хяналтаас  гарах зэргээр үйл ажиллагаа хурцадмал хэлбэрээр өрнөвөл олон нийтийг хамарсан үеийн эмх замбараагүй байдал үүсдэг. Үүнд оролцогчдыг хоёр ангилж үзнэ:

Ш      зохион байгуулагч

Ш      оролцогч

Цагдаагийн алба хаагч  нь  олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс  урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн амь нас,  эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Үүнд: Жагсаал цуглааны үед ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй  байж, гүйцэтгэх үүргээ  бүрэн мэдсэн байх, өөрийн аюулгүй байдлыг хангах, зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийг бэлтгэсэн байх, бусад алба, ажилтнуудтай  харилцан ажиллах журмаа бүрэн ойлгосон байх.

Олон нийтийн үймээн, эмх замбараагүй  байдлыг эхлэх үед түүнийг таслан зогсоох тактикийг зөв сонгож авсан байх : Үүнд: Олон нийтийг хамарсан үймээн, эмх замбараагүй байдлыг зогсоохдоо аль болон хүч  хэрэглэх бус,  ухуулга сурталчилгаа хийж, тайлбарлан  таниулах аргаар зохицуулахыг хичээх, цагдаагийн алба хаагч  өдөөн хатгалга, цуу яриа тараах явдлыг цаг тухайд нь  мэдэрч  байх  нь  эмх замбараагүй байдал үүсэхээс  урьдчилан сэргийлэх буюу  эхэлсэн үймээнийг газар авахуулахгүй таслан зогсооход тусална, бусдыг буруу үйлдэлд уруу татаж  болзошгүй хүмүүс, өдөөн хатгагчдыг илрүүлж  тусгаарлах, хурсан олныг тараах, хууль журам  зөрчсөн хүмүүсийг олж  илрүүлэх  зорилгоор  цагдаагийн бусад алба хаагчтай хамтарч  ажиллах, зохион байгуулагч этгээдтэй  ярилцах, хэв журам  зөрчихгүй байх талаар иргэдэд зөвлөх, хүсэлт тавих.  Үйл явдлыг дүрс  бичлэг,  фото зургаар баримтжуулах, хурсан олны дотор энгийн хувцастай үүрэг гүйцэтгэж  /гэхдээ даргын шийдвэрээр/ тэдний хөдөлгөөнийг саатуулан хориглох эсхүл шаардлагатай зүгт чиглүүлэх, дараа нь  дотроос  нь бутаргах сарниулах арга хэмжээг авах, халдлагад өртөх аюултайг ямагт анхаарч ажиллах, ажиглалт хийх, үймээн гарсан газрын эргэн тойрон хааж, бүслэх, жагсаал, цуглаанд идэвхтэй  оролцож буй этгээдүүдийг олны  дундаас татаж гаргах, үймээн эрчимжиж  газар авсан тохиолдолд нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, усан хөөрөг, утаат хөшиг үүсгэгч  зэрэг олон хүнд нөлөөлөх тусгай  хэрэгслийг заавар журмын дагуу  даргын шийдвэрээр хэрэглэх.

Нийтийг хамарсан үймээн, эмх замбараагүй байдалд нэрвэгдсэн, хүч хэрэглэсний улмаас  хохирсон иргэдэд туслалцаа үзүүлэх, өмч  хөрөнгийг хамгаалалтад авах зэрэг арга  хэмжээг авч  хэрэгжүүлнэ.[14]

Онц байдал: Монгол Улсын Ерөн­хий­лөгч ¹194 дүгээр зарлиг гаргаж, Нийслэл хотод 7сарын 1-нд 23.30 цагаас онц байдал зарласан.  Онц байдал зарла­сан хугацаанд:

1.      Улсын онц болон хүн ам ол­ноороо цугласан газар, хүн амын амжиргааны объек­тыг хүч нэмэг­дүүлэн хамгаа­лах;

2.      Хууль тогтоомж зөрчин зохион байгуулсан жагсаал, цуглаан, олон ний­тийн бусад арга хэмжээг хуульд заасан арга хэрэгслээр шууд албадан тараах;

3.      Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэ­рэгслийн хө­дөл­гөөнийг хяз­гаарлах, тэдгээрт үзлэг хийх;

4.      Улаанбаатар хотын төв хэсэгт 22.00 цагаас 08.00 цаг хүртэл хөл хорио тогтоож, зөрчсөн этгээдийг72 цаг хүртэл саатуулах

5.      Нийтийн эмх замбаараагүй байдал бий болгож, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа бүлэг хүмүүсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах;

6.      Дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хориглох,  шаардлагатай бол түр хураан авах, Үндэсний болон олон нийтийн радио телевтзээс бусад телевизийн үйл ажиллагааг онцглй байдлыг дуустал цуцлах

7.       Согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглох

8.      Иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг, галт хэрэгсэл, аж ахуйн нэгжийн хэрэглэдэг тэсэрч дэлбэрэх бодис, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай байлдааны болон бусад зэвсэг хэрэгслийн ашиглалтанд хяналт тогтоох тухай заажээ.  

Хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон бол онц байдал зарлахаар Үндсэн хуульд заасан байдаг.  ҮХ-ийн Хорин тавдугаар зүйлийн  1 дэх хэсэгт Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно. Үүнд:

1.      Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;

2.      Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

3.      Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.

 

 Онц байдлын тухай хуулиар үүний хэрэгжих арга замыг нарийвчлан тодорхойлж УИХ-ын чуулганы чөлөөт цагт Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж онц байдал тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасан байдаг.[15] Тухайн үед эмх замбараагүй байдал хяналтаас гарч ердийн арга хэрэгслээр зохицуулах боломжгүй болж, хяналтаас гарсан нь цаг алдалгүй онц байдал зарлан тогтоох үндэслэл болсон.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хязгаарлалт: Цагдаа­гийн байгууллагын зүгээс тэсэрч, дэлбэрэх бо­дис авч явах магадлалтай иргэн, хү­мүүсийг шалгаж, ОНРТ-ээс бусад те­ле­визийн үйл ажиллагааг онц байдал зарласан хугацаанд хориглосон.  Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарласан нь бас л хууль зөрчсөн гэж зарим хуульчид үздэг. Ер нь заавал олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хаах шаардлага байсан юм уу гэвэл байсан. Үндэсний олон нийтийн телевизээс бусад телевизүүдийн үйл ажиллагааг онц байдал тогтоосон дөрөв хоногийн хугацаагаар түр зогсоох арга хэмжээ авсан. Бусад FM болон сонин хэвлэлүүдийг энэ хязгаарлалтад огт хамруулаагүй.

Арилжааны телевизүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, Үндэсний олон нийтийн телевизийг үлдээсэн. Энэ телевиз бол олон нийтийн статустай, тэнцвэртэй, бодитой мэдээлэл хүргэх үүргийг хуулиар хүлээсэн мэдээллийн хэрэгсэл гэдэг үүднээс хандсан гэж ойлгогдож байгаа. Хэдийгээр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хязгаарласан хууль баталж гаргахыг хориглодог боловч Онц байдлын тухай хуульд “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоож болно” гэж заасан.

Үндсэн хуульд ч онц байдал зарласан тохиолдолд хүний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлаж болохыг заасан байдаг. ҮХ-ийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заахдаа “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэжээ. Ингэхдээ тэр хязгаарлалтад хамааруулж болохгүй эрхүүдийг тоочин заасны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөний талаар дурьдаагүй. Энэ нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг онц байдлын үед түр хязгаарлалт хийхийг зөвшөөрөх үүднээс хийсэн зохицуулалт гэж үзэж болно.

Засгийн газар нь  өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн том  эзэмшигч нь байдаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн жинхэнэ хараат бус байх  зарчмыг алдагдуулдаг. Жишээлбэл: Улсын нууцын тухай  хууль гаргаж  төр засгийн  тухай иргэд мэдээлэл авах , хэвлэн нийтлэх  эрхийг нь ихээхэн хэмжээгээр хязгаарлах  явдлыг  дэмждэг бөгөөд тэд хэвлэлийнхэн хариуцлагагүй үйлдэл хийж магадгүй гэдгээр үүнийгээ хаацайлдаг юм. Мексик , Энэтхэг зэрэг улс оронд  сэтгүүлчид хариуцан  сурвалжилдаг  байгууллагаасаа урамшуулал авч  бага цалиндаа нэмэрлэдэг байна. Иймэрхүү байдал нь сэтгүүлчдийн зүгээс төрийн дээгүүр өндөрлөгт гарч буй зүй бус үйлдлийг  сурвалжлах хүсэлгүй  болгох том хүчин зүйл  болдог.[16]

 

Мөрдөн байцаалт: Үймээн самууны үеэр үйлдэгдсэн гэмт хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын мөрдөн байцаах газарт байгуулсан. Нийт 30 гаруй мөрдөн байцаагч 250 гаруй хүнд холбогдох эрүүгийн хэргийг шалгаад заримыг нь прокурорт шилжүүлсэн. Прокурор харьяаллын дагуу  хавтаст хэргүүдийг  Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэн шийдвэрлэж эхлээд байна. Үймээнд оролцсон 250 гаруй хүний хэрэг анхан шатны шүүхээр ороход бэлэн болжээ. Эдгээр иргэдийг ноцтой хэрэг өдүүлсэн, мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй хэмээн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. [17] Судалгаагаар тухайн үед баривчлагдсан хүмүүсийн 88 хувьд нь цагдаагийн ажилтан холбогдох эрх, үүргийн талаар тайлбар мэдээлэл өгөөгүй байна.

 

Сонсгож байгаа зүйл ангийн талаар :

Зандалчлах гэдэг нь  зандалга гэдэг үгээс гаралтай бөгөөд энэ нь угтаа хараал, зүхэл гэсэн утгатай бөгөөд дээрэм тонуул зэрэг харгис муу үйлдэл хийхийг хэлнэ гэсэн байна.[18]   

ЭХ-ийн 177 дугаар зүйлд “Зандалчлах” гэмт хэргийн бүрэлдхүүнийг заахдаа “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор,  олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас  дээш арван таван   жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Түүнчлэн ЭХ-ийн 177 зүйлийн 177.2-т Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн,  зохион байгуулалтай бүлэг,  гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг  учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэжээ.

2002 оны эрүүгийн хуульд зандалчлах гэж терроризмыг нэрлэж байсан бөгөөд 2008 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр ЭХ-ийн 178 дугаар зүйлийн 1781.1-т ”Хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүчирхийлэхээр заналхийлсэн, энэхүү үйлдлээрээ гоц халдварт өвчин,  гал түймэр болон гамшгийн нөхцөлийг бүрдүүлсэн бол терроризм” хэмээн үзэхээр заасан байна.

            Эрүүгийн хуулийн 177.2 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэхүү зүйл анги нь 20-25 жил гянданд хорих, эсвэл цаазаар авах ялтай бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл ангид тооцогддог Зандалчлах” хэмээн нэрлэсэн энэхүү зүйл анги нь хөгжилтэй орнуудад террорист болон алан хядах үйл ажиллагаа зохион байгуулсан гэмт хэрэгт хэрэглэгддэг.

Тэгвэл вандализм бол санаатай болон утга учиргүй соелын болон материаллаг үнэт зүйлийг устгахыг хэлнэ. Тухайн үйлдлийг хийж буй этгээдийг вандалууд гэж нэрлэдэг.[19]  

ОХУ-ын Эрүүгийн хуульд зандалчлах гэмт хэргийг хуульчлахдаа: “барилга, байгууламжийг бузарлах, нийтийн тээврийн хэрэгсэл болон олон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэн гэмтээх” гэж заасан байна. Зандалчлах гэмт хэргийн үндсэн шинж бол иррационал үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол байдаг юм. Эрүүгийн хуулийн Зандалчлах зүйлд санкциин хувьд торгох ял, баривлах, заасан хүмүүжүүлэх ялаар шийтгэхээр заасан байна.[20]      

 

ЭХ-ийн 179 дүгээр зүйлд  Нийтийн эмх замбараагүй байдал бий болгохгэмт хэргийн бүрэлдхүүнийг заахдааТүйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцэх замаар нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,  гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэжээ. Хуульчийн үүднээс дүгнэхэд галдан шатаалт болсон уу гэвэл болсон Түйвээн үймүүлсэн үү гэвэл үймүүлсэн, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах үйлдэл хийгдсэн үү гэвэл хийгдсэн , төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцэх замаар нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан уу гэвэл турхирсан.

Гэхдээ мэдээж гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй.

Долдугаар сарын 1-ний шөнө онц байдал зарлахаас өмнө болон зарласан үед нийгмийн хэв журам зохицуулж ажилласан цагдаагийн албан хаагчдаас 471 хүн гэмтэл авсан, үүний 100 гаруй нь амь насанд аюултай хүнд гэмтэл байж гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Онц байдлыг Улаанбаатарт тогтоосон.

Тэр үеийн байдалд улстөрийн дүгнэлт гаргах комисс байгуулах санал зарим хүнээс гарч  байсан байна. Шүүх, прокурор, цагдаагийн ажлыг улстөрийн дүгнэлтээр хөдөлгөх болбол хууль зүйн үндсэн агуулга, ёс зүй алдагддаг. Тэгэхлээр  энд ямар нэгэн улстөрийн гэмт хэргийн тухай, улстөрийн хоригдлын тухай асуудал байх ёсггүй юм.[21]

 Эрүүгийн хуулийн 34, 35, 36, 37 дугаар зүйлүүдэд заасан зарим ойлголтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбарт: Эрүүгийн хуулийн 34 дүгээр зүйлд заасанГэмт хэрэгт хамтран оролцохгэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэнийг ойлгоно. Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцож болно. Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсч байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдана”.

Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан “…бүлэглэн гүйцэтгэгч” гэдэгт гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгоно. Жишээлбэл: А архи уун согтуурч танхайран бусдыг айлган сүрдүүлж зодох явцад А-тай хамт явсан Г урьд нь үгсэн тохиролцоогүй боловч зодоонд оролцож А-гийн хамт бусдыг зодож гэмт хэрэг үйлдсэн бол уг хоёр этгээд бүлэглэн гүйцэтгэгч болно. Өөрөөр хэлбэл жагсаал цуглаанд оролцож нийтийн эмх замбараагүй байдалд хүргэсэн хүмүүс тухайн хэрэгт болох явцад үйлдлээрээ хамтран оролцогч болж  байна.

Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан                    “…урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг…“ нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байхыг ойлгоно. Ийм бүлэг нь дахин давтагдах, тогтвортой зохион байгуулалтад ороогүй байдгаараа зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл гэсэн хэлбэрээс ялгагдана.[22]   гэж тайлбарлажээ.

 

Өмгөөллийн үйл ажиллагаа: Дэнжийн мянгын баривчлах байр болон "Ганц худаг"-т цагдан хорих ажиллагаа явагдаж эрүүгийн байцаан шийт­гэх ажиллагаа нэгэнт эхэлсэн  учраас өмгөөлөгч зайлшгүй оролцох ёстой. Тэнд хоригдож байгаа хүмүүсийн өмгөөлүү­лэх эрхийн асуудал зөрчигдөж байна гэж тухайн үед Хүний эрхийн Үндэсний комисс үзэж байсан.  Төрийн бус байгууллагаас хийсэн судалгаанд оролцогчдоос дөнгөж 4 нь л өмгөөлөгч авсан ч 3 нь өмгөөлөгчийнхөө талаар хангалттай мэдээлэлгүй байсан байна.

 

Нөгөө талаас “Онц байдлын тухай хууль”-ийг Монголын төр анх удаа хэрэглэлээ. Тиймээс ч “Онц байдлын тухай хууль”-д онц байдал тогтоосон үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан байдаг.

Судлаач Г.Оюунболд

 

 



[1] Жагсаал цуглааны хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл

[2] Жагсаал цуглааны хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл

[3] Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл

[4]  “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” Э.Пүрэвжав нар  865 дугаар хуудас

[5] Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйл “Нийгмийн хэв журам хамгаалах”

[6] УДШ-ийн 2007.10.29-ны өдрийн ¹41 дүгээр тогтоол  “Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим  асуудлын талаар”

[7]УДШ-ийн 2007.10.29-ны өдрийн ¹40 дүгээр тогтоол

[8] Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 41 дүгээр зүйл

[9] Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 42 дугаар зvйл

[10] Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйл

[11] ЦЕГ-ын дарга асан, генерал Б.Пvрэв: “Амтай болгон цагдаа руу дайрч, гартай болгон чулуу шиддэг болжээ”

[12] Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 75 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

 

[13]  Онц байдалтай холбоотой хүний эрхийн талаар Төрийн бус байгууллагуудын явуулсан мониторинг судалгааны дүнгээс

[14] Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны  150 дугаар тушаалын хавсралт

[15] МУ-ын Үндсэн хуулийн 33 дугаар зүйл 12 дахь хэсэг

[16] Д.Золжаргал “Бие даасан чөлөөт хэвлэл мэдээлэл” эрдэм шинжилгээний нийтлэл

[17] УМБГ-ын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлээс

[18] “ Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” Э.Пүрэвжав нар, 981 дүгээр хуудас

[19] www.wikipedia.org

[20] Вандали́зм — умышленное и бессмысленное уничтожение культурных и материальных ценностей. Лиц, совершающих подобные действия, называют вандалами. Уголовный кодекс Российской Федерации даёт следущее определение вандализму: «осквернение зданий или иных сооружений, порча имущества на общественном транспорте или в иных общественных местах». Признаками вандализма являются иррациональность действий, а также серьёзный ущерб от этих действий. На бытовом уровне понятие вандализма стало распространяться на повседневные проявления хулиганства, связанные с порчей чужой собственности. Вандализм следует отличать от хулиганства.

 

[21] Р.Жаргалант (2008-09-05) “УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржтой ярилцлаа”

[22] Улсын Дээд Шүүхийн тогтоол ¹10 “ЭХ-ийн Эрүүгийн хуулийн 34, 35, 36, 37 дугаар зүйлүүдийг тайлбарлах тухай”

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-04-17 -

Бичсэн: Зочин

алга ташилт сайн байнуу та нар үнэн сак шүү

. Шууд холбоос

2010-03-07 -

Бичсэн: Зочин

гоё шүү

. Шууд холбоос

2009-05-27 -

Бичсэн: galbaatar

za unshij duuslaa, bi galt zevseg heregleh erh zuin zohitsuulaltiin sudalgaag hiisen l de, tuuniig bas tand unshuulay gej bodloo,
ene bichleg tsogts sanaag iltgesen, taalagdlaa.

. Шууд холбоос





:-)
 
xaax