Орчин үеийн гэмт хэрэг үүдэн гарах болсон шалтгаан нөхцөл, криминологийн прогноз 1990 оноос хойшхи нийгмийн өөрчлөлтийг дагаж өөр болжээ. Гэмт явдал аяндаа урсгалаараа гарахаа больсон төдийгүй нийгмийн хор аюул нь улам бүр өсөн нэмэгдэж, тэдгээртэй тэмцэх арга, хэрэгсэл, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ тутам арга барилд шилжүүлэх цаг үе бидний өмнө тулгараад байна. Аль 1990, 2000 , 2005 онд хэрэглэж байсан бидний мэдэх “уламжлалт” гэх тэр арга, хэрэгсэл одоо үр дүнд хүрэх нь багасч , шинжлэх ухааны болон нийгмийн бусад салбаруудын мэдлэг, хамтын ажиллагаа илүү ихээр шаардагдах болсныг сүүлийн үед гараад байгаа онц ноцтой, албан тушаалын, банк санхүүгийн, шинэ төрлийн гэгдэх эрүүгийн хэргүүдээс харж болно.
Хар тамхи мансууруулах бодисын хууль бус наймаа, мөнгө угаах, мөрийтэй тоглоом, оюуны өмчийн хулгай, кибер болон эко терроризм, хүний наймаа, хууль бус цагаачлал, алан хядах ажиллагаа гээд л эдгээр төрлийн гэмт хэргийн өсөлт хурдасч, дэлхий нийтийн улс орнуудыг бараг бүхэлд нь хамрах боллоо.[1]
Манай нийгэмд зорилго ухамсартай хийгдэх өөрчлөлт янз янзын хүрээтэйгээр цаашид өрнөх болно. Ийм болохоор алдаж онож байгаад хүрсэн үр дүндээ эргэн шинжилгээ хийж цаашдын зорилгоо тодорхойлоход шинжлэх ухаанч байр сууринаас хандах ёстой. Юуны урьд хэлэхэд нийгмийн тогтолцоог ухамсар зорилготойгоор бүхэл бүтнээр нь хувирган хувьсгахыг нийгмийн өөрчлөлт гэх ба нийгмийн зохион байгуулалт, хүмүүсийн сэтгэлгээний дүр төрх, авир үйлдлийн байр байдалд гарч буй шинэчлэл хувирал юм. Эл үйл явц Монголын нийгэмд өрнөж байна, энэ үйл явц болоод өнгөрчихөөгүй байгаа.[2]
Чухам яагаад өнөөдөр нийгэмд айдас төрүүлэм харгис хэрцгий аллага, шунахай зорилготой их хэмжээний хохирол учруулсан хэргүүд гараад байгаа юм бэ ? Насанд хүрээгүй хүүхдүүд яагаад гэмт хэрэг үйлдээд байгаа юм бэ? Тодорхойлох гээд оролдоод үзье.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг тогтоохдоо та бидний “байнга дурддаг” нийтлэг нөхцөл байдал болох ажилгүйдэл, ядуурал, архидалт, нийгмийн байдал гэх мэт “тодорхой бус” хүчин зүйлсийг дурдахаас татгалзах[3] бодлого баримталж, судалгааны тодорхой арга, арга зүйг, практик үйл ажиллагаатай хослуулах шаардлагатай байгааг сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүн харуулж байна.
Эдийн засгийн гэмт хэрэг: Манай улсад тогтмол гарч, бүртгэгддэг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл/, бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах /Эрүүгийн хуулийн 150/ гэмт хэргүүд нь 2002 оноос тодорхой хэмжээгээр буурч ирсэн боловч сүүлийн 2 жилд гарч байгаа энэ төрлийн гэмт хэргийн нийгэмд учруулж байгаа хор хохирол хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж, шинэ тутам арга хэрэгслээр үйлдэгдэх болжээ.[4]
Залилан мэхлэх, завших үрэгдүүлэх гэмт хэрэг нь онлайн, интернет хэлбэрээр бусдыг хуурч мэхлэх, хуурамч гүйлгээ хийх, хуурамч байгууллага бий болгох, гэмт хэргээ далдлахын тулд санаатайгаар болон зохиомлоор дампуурах, сүлжээний бизнес, гоо сайхны болон гадаад улсаас уран зураг, эм бэлдмэл оруулж ирэх зэргээр шатлал бүхий сүлжээ үүсгэж бусдыг их хэмжээгээр хохироох, бусдын дансыг ашиглах , албан тушаалын /сүүлийн үед банк санхүүгийн салбарт/ давуу байдлаа ашиглах, байгууллагынхаа нууц код, тэмдэгтийг хэрэглэх, хуурамч гүйлгээ хийх замаар үйлдэгдэж байна.
Эдийн засаг, банк санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тавих хяналтын сул тал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зохицуулалт, эрх зүйн хэм хэмжээний хийдэл зэрэг нь эдгээр гэмт хэрэг гарах суурь шалтгаан /Хадгаламж зээлийн хоршоодын хэргийг шалгах явцад төрийн байгууллагын хяналт шалгалт, эрх зүйн зохицуулалт илт дутагдсан байдаг/ болж байна. Зар сурталчилгаа, түүний хяналтгүй байдал, иргэдийн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх боломж, эрх зүйн орчин байхгүй зэрэг нь хохирогчдыг энэ төрлийн гэмт хэрэгт ихээр өртөж хохироход хүргэж байгаа төдийгүй цаашид бусад төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн нөхцөл болж байна.
Хуулиар хамгаалагдаагүй эрх ашгийн тухайд: Практикт иргэдийг “заналхийлсэн” хэргийг шийдвэрлэхэд ихээхэн хүндрэл учирч байна. Сүүлийн үед бусдын амь насанд заналхийлэх, айлган сүрдүүлэх байдал нэлээдгүй гарах болсон. Тодорхой жишээ аваад үзье: Иргэдийг газраа, тодорхой обьектоо зарахыг шаардах, хийсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан дарамтлах, айлгах, мөнгө амлах, нэхэх зэрэг хэлбэрээр энэ гэмт хэрэг илүүтэй үйлдэгдэж байна[5]. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг зааж өгсөн ч хуулийн энэ заалт иргэдийг ямар нэг заналхийлэл, айлган сүрдүүлгээс хамгаалж чадахгүй байна.[6] Өөрөөр хэлбэл: иргэнийг тодорхой үйлдэл хийлгэхээр, түүнээс татгалзуулахаар дарамталсан, заналхийлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс байхгүй энэ нь гэмт этгээдүүд хариуцлагаас мултрах, ял завших боломжийг олгож байна.[7] Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд тодорхой эрх бүхий байгуууллага албан тушаалтнаар тодорхой шийдвэр гаргуулах, гаргуулахаас татгалзуулахад чиглэсэн заналхийлсэн үйлдлийг зандалчлах гэмт хэрэгт тооцохоор заасан байгаа юм. [8]
Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг[9] 2006, 2007 онд компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгуулага болгон интернетед холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт ихээр өртөж хохирч байна. Ялангуяа байгууллагын сүлжээнд байгаа мэдээллүүдийг устгах, худалдаа үйлчилгээ хэлбэрээр, эсвэл аялал жуулчлалын салбар, банк санхүүгийн салбарт хуурамч гүйлгээ хийх, гадаадын орнуудын хуурамч байгууллага, гэмт хэрэгтнүүд гэж захиалга өгч хохироох, хууран мэхэлж эд зүйл, бэлэн бус мөнгийг шилжүүлэн авах гэмт хэргүүд гарсаар байна. Хохирсон байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн мэдээллийг шалгаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байгаа тохиолдол цөөнгүй гарсан нь анхаарал татаж байна.
Манай улсын хувьд багахан хэмжээний санхvvгийн байгууллагын vйлчлvvлэгчид, жижиг нэгдэл нь кибер халдлагаас хамгаалах, хакеруудын дайралтыг зогсоох хөрөнгийн боломжгvй, энэ талаар мэдлэг хангалтгүй, хуулийн байгууллагаас гэмт хэрэг гэж үздэггүй, кибер гэмт хэргээс хамгаалах үндэсний арга хэмжээ, хамгаалалтгүй, хууль тогтоомжийн хүрээнд тухайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар нарийвчилсан заалт, эрх зүйн орчин байхгүйгээс өөр төрлийн гэмт хэрэг гэж үзэн шийдвэрлэж байгаа нь энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулахад сөргөөр нөлөөлж байна.
Мэдээлэл, сурталчилгаа: Мэдээллийн хаалттай байсан нийгмээс ардчилалд шилжих явцад үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нээгдэж хаалттай байсан сэдвүүдээр чөлөөтэй ярьж, бичиж эхэлсэн бөгөөд үүнийг дагаж “мэдээллийн тэсрэлт” гарсан билээ.[10]
Судалгаанаас харахад[11] дотоод мэдээлэл авдаг хамгийн чухал эх сурвалж нь телевиз хэвээрээ байгаа боловч урьд нь судалгаанд хамрагдагчдын 91,0 хувь нь телевизийн мэдээлэл авдаг байсан бол өдгөө 59,0 хувь болж буурчээ. Мэдээлэл авдаг дараагийн гол эх сурвалж нь 29,5 хувиар “найз нөхөд” байсан бол “4 оронтой лавлах”-аас гол мэдээлэл авдаг гэж судалгаанд оролцогчдын 2,6 хувь нь хариулжээ. Интернетээр мэдээлэл авагчдын тоо сар ирэх бүр нэмэгдсээр байгаа нь судалгаагаар батлагдсаар байна. Энэ тоо 2007 оны 11 сард 18.9 хувьтай байсан бол 2008 онд 28,9 хувьд хүрч гол мэдээллийн эх сурвалжийн 3 дугаарт жагсчээ. Дашрамд дурдахад нийслэлийн нийт өрхийн 47 хувь нь компьютертэй бөгөөд тэдгээрийн 10 хувь нь интернэтэд холбогдсон гэсэн судалгааны дүн гарчээ. Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цаг интернэт ашигладаг байна.
“Чаатын эмээгийн хэрэг”, “Дарханы” гэгдэх хэд хэдэн хүний амины эсрэг гэмт хэргүүд шил шилээ даран гарах болсон нь ТВ чаатаар гарсан хууль бус зар, хяналтгүй байдлаас шууд шалтгаалж байна. Өдөртөө зөвхөн ТВ чаатнаас хэдэн сая төгрөг олдог телевизүүд энэ санхүүгийн эх үүсвэрээ алдахыг хүсэхгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой төдийгүй цагдаагийн байгуулагатай хамтран ажиллах тал дээр хайнга хандаж, илт хууль бус үйлдэлд бусдыг уриалсан, садар самууныг сурталчилсан, уруу татсан гэх мэт нийгэмд гэмт хэрэг гарахад сэдэл өгч болох мессежүүдийг “замбараагүй цацаж” байна.
Өнөөдөр монголын мэдээллийн зах зээлд тогтмол, идэвхтэй vйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн нийт хэрэгслэлийн 15 орчим хувийг телевиз эзэлж байна. 2001 оны эхний хагас жилийн байдлаар Хууль зvй, дотоод хэргийн яаманд нийт 24 телевиз, 9 кабелийн телевиз албан ёсоор бvртгэгдэн тогтмол vйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Одоогоор[12] тогтмол vйл ажиллагаа явуулж байгаа 241 мэдээллийн хэрэгсэлтэй, vvнээс: сонин 144, сэтгvvл 36, радио 27, телевиз 24, кабелийн телевиз 9, агентлаг 1 байгаа юм.
Телевизvvд гадаад, дотоодын телевизийн бvтээлийг тэр бvр худалдаж авах санхvvгийн чадавхи султай. Тиймээс программ солилцоо, худалдааны аргаар авдаг ганц нэг бvтээлийг эс тооцвол ихэнхдээ чанар муутай видео кино, эсвэл хулгайн замаар хуулж бичсэн зарим бvтээлийг орчуулан гаргах байдалтай /нийслэлд vзvvлж байгаа телевизvvдийн хөтөлбөрийн 25-57 хувь нь гадаадын телевизийн бvтээлийг орчуулан vзvvлдэг/ байна. Судалгаагаар нийт гарч байгаа кинонууд нь хүчирхийллийг шууд харуулсан, сурталчилсан, өөгшүүлэн дэмжсэн, хэдийд насны ангиллаар, онцлогоор яаж үзүүлэх талаар ямар нэг хязгаарлалтгүй байна.[13] Энэ нь бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэхүйд гэмт зан төлөвийг бүрдүүлэх нэг нөхцөл болж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.
Хүн худалдах гэмт хэргийн судалгаанаас үзэхэд[14] судлагдсан хэргийн хувьд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь зар сурталчилгааны хяналтгүй байдлыг давуу талаа болгосон, хохирогч нарын сул талыг /ажил хайж байгаа гэх мэт/ ашигласан, “гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучлана” гэх мэтээр хохирогч нарт сэдэл төрүүлэх, хууртагдах гол нөхцлийг бүрдүүлсэн байна. Товчоор хэлэхэд зар хууль бус сурталчилгаа, мэдээллийн байдалд хяналт тавьж, аюулгүй байдлыг хянах чиг үүрэг бүхий байгууллага байхгүй нь гэмт хэрэг гарах хамгийн гол нөхцөл болж байна.
Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж буй гэмт хэрэг: Түүнчлэн техник, технологийн дэвшилтэт нөхцөл нь өөрөө өсвөр үе залуучуудын гэмт хэрэг үйлдэх нэг шалтгаан болж байна. Жишээ аваад үзье л дээ. “памперс” өмсөөд “Компьютер тоглоомын газар” хонон өнжин тоглож байгаа өсвөр насны хүүхдүүд “тоглоомонд донтох сэтгэцийн эмгэг”-ийн улмаас жилдээ дунжаар 20 гарсан тоогоор хүргэгддэг, “Шар хадны эмнэлэг”-т тусгай тасаг нээх хүртлээ тийм хэмжээнд хүрч, РС тоглоом тоглох нэг цагийн мөнгө эцэг эхээсээ нэхдэг байсан хүүхдүүд яваандаа нэгнээсээ мөнгө, гар утас зэрэг эд зүйл дээрэмдэх /өөрсдийнх нь хэлдгээр “бариа хийх”/, хулгайлах, булаах, айлган сүрдүүлэх замаар мөнгө нэхэх зэрэг нуугдмал гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэх болсон байна.
Гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн хувийн байдлыг аваад үзэхэд дийлэнхи нь урьд нь өөрөө гэмт хэргийн улмаас хохирч байсан нь ихээхэн сонирхол татаж байгаа төдийгүй насанд хүрээгүй хүмүүсийн дунд зохиох урьдчилан сэргийлэх ажлыг нийгмийн бусад салбарын үйл ажиллагаатай хослуулах хэрэгцээтэй байгааг харуулж байна.
Судлаач би вээр өөрөө БЗД-ийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Би чадна” хүүхдийн төв дээр 6 сар шахам ажиглалт, тандалт, ярилцлага хийхэд ийм чөлөөт цагаа өнгөрөөх газар байгуулах, боловсорлын байгууллагаас гадуурхи номын сангийн болон бусад үйлчилгээг төрийн бус байгууллага, хүмүүнлэгийн тодорхой үйлсээр дамжуулан тэдэнд ойртуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг алхам болж байгаа үр дүн шууд мэдрэгдэж байсан юм.
Шашин, шүтлэг тэдгээрийн нөлөө: Мормоны, Мүүнийн шашин зэрэг христосийн урсгалын нэлээд гуйвуулагдсан урсгал сектүүд олноор орж ирснээр монголчуудын уламжлалт сэтгэлгээ, үнэлэмж амьдарлын хэв маяг, нийгмийн ёс суртахуун гэдэг ойлголт өөрчлөгдөхөд хүргэж өөрчлөх, нийгмийг илүү задгай байлгах чиглэлд илүү түлхүү үйлчилж байгаа нь ажиглагдаж, зарим төрлийн шашны хориотой хэлбэрүүд ч гэмт хэргийн сэдлийг “шүтэгч этгээдэд”, төрүүлдэг, тархийг нь угаадаг байдлууд ч байсаар байна. Энэ нь эд хөрөнгөгүй байхыг шаардах, амиа хорлох, үүндээ бусдыг ятгах зэрэг нийгэмд харш зан үйлийг хөхүүлэн дэмжсэн шинжтэй байна. Түүнчлэн зарим судлаачид санхүүгийн эх үүсвэр нь тодорхой бус шашны урсгалын ард мөнгө угаах гэмт хэрэг нуугдаж байдаг хэмээн үздэгийг ч дурдах хэрэгтэй болов уу.
Хар тамхи мансууруулах бодис хууль бусаар авч явах, борлуулах, хадгалах гэмт хэрэг: Хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал жилээс жилд хүндэрч байна. Олон төрлийн шалтгаан нөхцөл гэмт хэргийн гаралттай холбоотой нь ойлгомжтой юм. Улс орны нийгэм эдийн засаг, даяарчлалын нөлөөлөл, мэдээллийн хурд, шинэ эрин үеийн хүүхэд залуучуудын сэтгэхүй, хөгжлийн олон талын сөрөг нөлөөлөл гэх мэт олон хүчин зүйлүүд энд яригдах ёстой.
1995-2005 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх олж авах, хадгалах, тарих, хурааж авах үйлдлүүдтэй 63 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд 152 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдсан байна. Эдгээр 63 гэмт хэргээс 60 холбогдогчтой 22 гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн ба шүүгдэгчдийн 42 нь хорих ял бусад нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл хүлээсэн байна.
Мөн дээрх гэмт хэргүүдийг шалгах явцад 22,5 кг каннабис, 0,1 кг героин, 0,4 кг кокаин, 4 ширхэг амфетамин, 285 ампул морфин, 200 грам нунтаг морфин, 2500 ампул пормидол, 1475 ампул пентазоцин, 67 феназефам тус тус хураагдаж эд мөрийн баримтаар тогтоогдож байв. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бусад орны гэмт хэргийн статистиктай харьцуулахад харьцангуй цөөн юм. Гэвч гэмт хэргийн тоог 5 жилийн байдлаар ангилж үзвэл:
- 1995-2000 онд 17 гэмт хэрэгт 58 хүн
- 2000-2005 онд 46 хэрэгт 93 хүн сэжигтэн яллагдагчаар татагдсан байна.[15]
Эндээс харахад сүүлчийн 5 жилд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өссөн дүнтэй байгаа нь хар тамхи, мансууруултай тэмцэх үндэсний хөтөлбөрийн биелэлттэй холбоотой юу аль эсвэл энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихэссэнтэй холбоотой юу гэдэг асуудал сонирхол татаж байна. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчийн тоо, өөрөөр хэлбэл ямар нэг шалтгааны улмаас мансууруулах бодис хэрэглэж үзэх сонирхолтой өсвөр насны залуучуудын тоо ихсэх хандлагатай байна.
Манай улсад өсвөр насны залуучууд зэрлэг олс каннабисыг түүж бэлтгэх, тариалах, хурааж авах гэмт үйлдлүүдийг хийж байгаа нь хууль зүйн факт боловч эрх зүйн тодорхой зохицуулалтгүй учир энэ нь гэмт хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж байгаа юм.
Хэрэглэгчдийг дараах 4 ангилалд хамааруулан авч үзэж болох юм. Үүнд:
- Эхний бүлэгт чинээлэг айлын хүүхдүүд ордог ба тэд ихэвчлэн БНХАУ-ын хилээр хууль бусаар их хэмжээгээр нэвтрүүлэн оруулж ирдэг гашиш болон синтетик төрлийн хар тамхи, амфетамин, мансууруулах бодис хэрэглэж зуршсан байна.
- "хип хоп" урсгалын дуу хөгжим сонсдог залуучид, дуучид гашиш болон зэрлэг өвсийг хольж хэргэлдэг.
- рок дуу, хөгжим сонирхдог залуучууд юм. Тэд нар бусад ангилалд байгаа хүмүүсийг бодвол хамгийн боломж муутай хэрэглэгч гэж тооцогддог тэд ихэвчлэн Монгол Улсын нутагт ургадаг хар тамхины төрлийн ургамлыг түүж, бэлтгэх, улмаар түүнийгээ хатааж боловсруулан татах байдлаар хэрэглэж мансуурсан тохиолдлууд цөөнгүй бүртгэгдсэн байдаг.
- Дөрөв дэх ангилалд Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэд орох бөгөөд тэд хоёрдугаар ангиллын хүмүүстэй адил хэрэглээтэй байдаг.
Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг хэрхэн арилгах вэ?
Олон талт хамтын ажиллагаа:[16] Гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн байцаагчдын зүгээс ерөнхийдөө хэрэглэдэггүй татварын, хөдөлмөрийн гэх мэт хууль тогтоомжийг ашигладаг бусад байцаагч, хуулийн ажилтануудтай хамтран ажиллах тактикийг олон талт ажиллагаа гэдэг. Энэ ажиллагааны хамтрагчид нь:
- Нийгмийн хэв журам сахиулах олон нийтийн байцаагч;
- Хилийн болон гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн албаны ажилтан;
- Гаалийн ажилтан;
- Гадаад харилцаа, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөрийн улсын байцаагч;
- Гал түймэртэй тэмцэх албаны ажилтан;
- Орон нутгийн байгаль орчны болон эрүүл мэндийн ажилтанууд;
- Нутгийн захиргааны байгууллагын ажилтан;
- Зам тээврийн байгуулагын ажилтан ;
- Хохирогчид тусламж үзүүлэх ажилтан;
- Хэвлэл, мэдээллийн ажилтан юм.
Тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулж байдаг хууль тогтоомжийг судалж үзээд ямар байгууллагатай хамтран ажиллахаа сонгох хэрэгтэй. Тухайлбал: Татварын, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай, ашигт малтмалын, хөдөлмөрийн, бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэрэг дээр тухайн баар, цэнгээний газрын зөвшөөрлийг хураан авч үйл ажиллагааг нь зогсоох, ашгийн төлөө байгууллага эсэх, тийм бол татвараа үнэн зөвөөр мэдүүлж төлдөг эсэх. Хэрэв тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрөл нь хууль ёсны эсэх, галын аюулгүй ажиллагааны дүрмийг зохих ёсоор мөрдөж байгаа эсэх, аюулгүйн гарцтай эсэх, гал унтраах багаж хэрэгсэлтэй, тэдгээр нь ажиллагаатай эсэх гэх мэтээр шалгалт явуулах нь үр дүнтэй.
Олон талт ажиллагааны хүрээнд хамтарч хийсэн шалгалт нь маш үр дүнтэй таслан зогсоох арга хэмжээ болж чаддаг. Галын болон байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох боломжтой болдог. Дээр дурдсан бүх үйл ажиллагааны үр дүнд тодорхой хэмжээний санхүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд тухайн гэмт хэргийн обьектыг /жишээлбэл саунй газар, зочид буудал гэх мэт/ зорилгоор ашиглах боломжуудыг хааж өгдөг. Ингэснээр гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгслийн өртөг өсөж, түүнээс олох ашиг буурдаг.
Захиргааны арга хэмжээ авах: Тодорхой үйлдэл нэг бүрийг шалган тогтоож, хянах чиг үүрэг бүхий ажилтнууд нь илэрсэн зөрчил бүрт тохирсон арга хэмжээ авч зохих хариуцлагыг хүлээлгэж байх, захиргааны зөрчлийн нэгдсэн сан байгуулах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын саналыг авч, энэ төрлийн мэдээллийн бааз, судалгааны байгууллагыг байгуулах чиглэлийг баримталж ажиллах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дараагийн алхам юм.[17] Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг этгээд хэдэн удаа захиргааны зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсаныг мэдэх арга байхгүй байгаа юм.
Судалгаа, шинжилгээний үндсэн дээр нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авах: Шинэ тутам арга хэрэгслээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь онцлог байдлаас шалтгаалан өөр өөр байдаг тул хууль сахиулах байгууллагын албан хаагч криминологийн судалгааны наад захын аргачлалуудыг хэрэглэж чаддаг чадвартай байх хэрэгтэй юм. Өнөөдөр хотын нөгөө захад хэрэглэж байгаа арга таны хариуцсан хороо нутаг дэвсгэрт өөр үр дүн үзүүлж болох тул энэхүү судалгааны аргуудыг эзэмших нь тун чухал. Наад зах нь “Цагдаагийн байгууллагын тухай хууль”-д заасан “обьектын судалгаа” хийх явцдаа тодорхой ажиглалт, туршилт хийх /болгоомжтой хэрэглэвэл зохино./, сар бүрийн нуугдмал болон бүртгэгдсэн хэрэг дээр хэрэглээний программ ашиглан прогноз гаргаж, түүнд тохирсон арга хэрэгслийг сонгон хэрэглэж сурах, зарим тохиолдолд иргэд олон нийтийн туслалцааг ашиглан анкетийн болон ярилцлагын судалгааг явуулж чаддаг байх хэрэгтэй юм. Эцэст нь хэлэхэд “шинэ төрлийн арга”-аар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь “шинэлэг хэлбэр”-т шилжсэн учраас хууль сахиулах байгуулагын албан хаагчид “шинэлэг арга барил”-аар ажиллахыг нөхцөл байдал харуулж байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын
эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд
-----------оoOoо-----------
[1] “Шинэ төрлийн гэмт хэрэг” ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээний төв, 2005 он
[2] “Монголын нийгмийн өөрчлөлт” хамтын бүтээл, ред. Б.Даш-Ёндон, Философи, социологи, эрхийн хүрээлэн, 2008 он, УБ хот 14 дэх тал
[3] “2004-2007 онд шийдвэрлэгдсэн Эрүүгийн хуулийн 113 , 124 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэргийн судалгааны тайлан” ХЗҮХ-ийн , ЭЭЗКСС-оос 2009 онд явуулсан судалгаа.
[4] “Шинэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл” эрдэм шинжилгээний өгүүлэл Г.Оюунболд, “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, 2008 он, ¹1 дугаар
[5] Орхон аймгийн ТВ-ийн редакторыг 2006 онд 6 сард орон нутгийн телевизээр гаргасан нэвтрүүлэгтэй нь холбогдуулан үл мэдэгдэх хүмүүс утсаар заналхийлснээс гадна амь биед нь халдаж, гэмтэл учруулсан байна. “Монгол Улс дахь Хүний эрх чөлөөний байдлын илтгэл”, 2008 он.
[6] “Өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан үйлдэл нь энэ гэмт хэргийн объектив тал.
[7] Судлаачийн зүгээс “Зандалчлах” нь иргэдийн амь насанд халдах, айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгө, өмчлөх эрхийг авахаар, тодорхой үйлдэл, эс үйлдэхүй хийлгэхээр заналхийлсэн гэмт үйлдлийг тооцвол зохино гэж үзэж байна.
[8] “Онц байдал түүний эргэн тойронд” эрдэм шинжилгээний өгүүлэл, Г.Оюунболд, “Хууль дээдлэх ёс сэтгүүл”, 2008 он, ¹4 дугаар
[9] “Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн криминологийн зарим асуудал” эрдэм шинжилгээний өгүүлэл, Г.Оюунболд “Хууль дээдлэх ёс сэтгүүл” 2008 он, ¹2 дугаар
[10] “Монголын нийгмийн өөрчлөлт” хамтын бүтээл, ред. Б.Даш-Ёндон, Философи, социологи, эрхийн хүрээлэн, 2008 он, УБ хот 76 дахь тал
[11] Монголын хэвлэлийн хүрээлэнгийн” Мэдээлэл судалгааны албанаас сар тутам явуулдаг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 52 дахь удаагийн судалгаа” 2008 оны сүүлээр явагдсан энэ судалгаанд сар тутам нийслэлийн 500 өрх давхардахгүйгээр хамрагддаг бөгөөд одоогийн байдлаар нийт 25 мянган өрх оролцоод байгаа гэсэн статистик гарчээ. http://zorigtsoc.wordpress.com/
[12] Монголын хэвлэлийн хvрээлэнгээс явуулсан мониторингийн судалгаанд дурьдснаар
[13] “Монголын телевизийн өчигдөр өнөөдөр”, дэд доктор Ю.Эрдэнэтуяа, http://zorigtsoc.wordpress.com/
[14] 2004-2007 онд шийдвэрлэгдсэн ЭХ-ийн 113 , 124 дүгээр зүйлд заасан эрүүгийн хавтаст хэргийн судалгааны тайлан” ХЗҮХ, ЭЭЗКСС , 2009 он
[15] 2000-2005 оны эхний 3 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн судалгаа” УМБГ, ЭЦГ 2006 он
[16] “ХХГХ-тэй тэмцэх талаар цагдаагийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт” сургагч багшийн гарын авлага, 2008 он
[17] ХЗҮХ-ийн ЭЭЗКС-оос явуулсан “Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын хуулийн харьцуулсан судалгаа”, 2007 он
Сэтгэгдлүүд
2010-04-02 -
Бичсэн: Зочин
2010-03-25 - Сайн бичсэн байна
Бичсэн: билэгээ (зочин)
та сайн судалж сайн бичсэн байна. Цаашдаа сайн судлааж эрдэмтэн болоорой.
2010-03-04 -
Бичсэн: ganaa (зочин)
Дээр нь хэдэн сарын өмнө ажаксмаа, гоожуур цэг ком 2 ийн хэсэг юм болсийшд.
Энэ талаар мэдээлэл тавьж болох уу?
Яг юу болснийг нь мэдмээр байна. Please
2010-03-04 -
Бичсэн: ganaa (зочин)
Хакерууд нилээн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж би боддог.
Зарим нэг монголын форум дээр энийг би хакадлаа энэ тэр гээд зураг хөрөгтэй нь тавйцан байдийшд. Монголын сайт ч байна гадаадын (хятад, синга) ын сайтууд ч харагддаг шд. Цагдаагийн албанд нилээн сайн чадвартай цагаан малгайтан хакер аваач хө. Цалин сайн өгөөд. тэхгүй бол IT ийхан чинь өндөр цалин авдийшдээ.
Дээр нь хүмүүс хакдах хичээл энэ тэр хийгээд тавьсан байдийн. Тэрийг нь дуурайгаад хүмүүс бас хакдаад байдаг байх шүү.
Энэ талаар саналаа хуваалцаач!
Таны энэ судалгаа үнэхээр үнэн бодит болжээ.
2009-11-17 -
Бичсэн: unjee
сайн байна амжилт хүсий
2009-05-27 - thnx
Бичсэн: obdoo
uram hairlasand bayarlalaa
2009-05-27 -
Бичсэн: g84
бүгд чиний бүтээл үү
2009-05-27 - 1
Бичсэн: Зочин
Mash heregtei zyil bichsen bn. Ajild chin amjilt hysie.