Криминологи
Dateline: 2009-06-02
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДҮРМИЙГ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬТАЙ ХАРЬЦУУЛАН ҮЗЭХ НЬ

Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг[1] /цаашид Дүрэм гэнэ/  2002 онд соёрхон баталж түүнийг даган мөрдөж, сахин биелүүлэх үүргийг хүлээсэн дэлхийн 105 улсын нэг болсон билээ. Сахин биелүүлэх үүрэг хүлээснийхээ хувьд мөн  олон улсын эрүүгийн эрх зүйн жишигт дотоодын хууль тогтоомжоо хүргэх үүднээс бид Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тусгайлан авч үзэж энэхүү дүрэмд хэрхэн нийцэж байгаа талаар өгүүлэх гэсэн билээ.

Монгол Улсын хуулинд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангах зорилготой байдаг.

Харин Дүрмийн зорилго нь тус дүрмийн дагуу хэлэлцэгдэх 4 гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоон зохих ялыг шударга ёсны дагуу оногдуулах өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийг ял завшуулан үлдээхгүй байх явдал юм. 

Энэ зорилгоо биелүүлэхийн тулд Олон улсын эрүүгийн Шүүх нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрхэн явуулах ёстойг уг Дүрэмд зааж өгсөн байдаг.   

Бид Ромын дүрмийн зүйл, заалттай манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрхэн нийцэж байгаа талаар мөн нийцэхгүй байгаа зүйл заалтуудыг илрүүлэхийг зорьсон юм.

НЭГ. Мөрдөн байцаалтыг эхлэх буюу Дүрмийн 53 дугаар зүйлд зааснаарПрокурор хэрэв энэхүү дүрмийн дагуу үйлдлийг хүлээн авах бодит үндэслэл алга гэж тодорхойлоогүй нөхцөлд түүнд гаргаж өгсөн мэдээллийг үнэлж үзээд мөрдөн байцаалтыг эхэлнэ.” гэжээ.  Монгол Улсын ЭБШХ-д[2]гэмт хэрэг гарсан талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан мэдээлсэн, гэмт хэрэг үйлдсэн хэмээн өөрийгөө илчилж ирсэн, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор гэмт хэргийн шинж тэмдгийг  өөрсдөө шууд илрүүлсэн, гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт байгаа бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эрүүгийн хэрэг  үүсгэж, энэ тухай тогтоол гаргана.” гэсэн байна.  Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тогтоолыг 72 цагийн дотор прокурорт  танилцуулж, эрүүгийн хэргийн дугаар авна. ЭБШХ-ийн 174.1.1-тпрокурор хэргийг бүртгэн,  эрүүгийн хэргийн дугаар олгож хэрэг бүртгэх, мөрдөн байцаах  байгууллагын аль нэгэнд мөрдүүлэхээр  харъяаллын дагуу шилжүүлэх”, мөн ЭБШХ-ийн 175.1-тГомдол, мэдээллийг хянах явцад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, эсхүл байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай  тогтоол гаргана.” гэсэн нь эрүүгийн хэргийг үүсгэх болон хэрэг үүсгэхээс татгалзах нь прокурорын эрх хэмжээний асуудал мөн гэж үзэх үндэслэлтэй. Иймээс Дүрмийн дээрх заалттай манай улсын холбогдох заалт нийцэхгүй байгаа зүйл байхгүй байна. 

 

ХОЁР. Дүрмийн 67-р зүйлд заасан “Яллагдагчийн эрх” гэсэн хэсэгт  аливаа яллагааг тодорхойлоход яллагдагч хэргээ нийтийн өмнө хэлэлцүүлэх, шударга, аль нэг талыг барихгүй явагдах шүүх хуралдаанд орох эрхтэй.Бүрэн тэгш эрхийн үндсэн дээр яллагдагч бүрэн хэмжээгээр ойлгодог болон ярьдаг хэл дээр түүнд тулгаж байгаа яллагааны шинж чанар, үндэслэл болон агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэн даруй авах баталгаатай байх, өөрийгөө хамгаалахад зориулсан хангалттай цаг хугацаа болон боломжтой байх, түүнчлэн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ нууцыг хадгалах нөхцөлд чөлөөтэй харилцах, зүй бус саадгүйгээр хэргээ хэлэлцүүлэх, өөрийгөө өмгөөлөхийн тулд ам тангараг өгөлгүйгээр амаар буюу бичгээр мэдэгдэл хийх гэх мэт эрхүүдийг  эдэлнэ гэсэн байдаг.Тэгвэл манай улсын ЭБШХ-ийн 36 дугаар зүйлийн дагуу яллагдагч нь 18 эрх эдэлдэг .

Монгол Улсын ЭБШХ-ийн дагуу олгогдсон тэдгээр эрх нь яллагдагчийн эрхийг хангах зайлшгүй шаардлагатай эрхүүдийг заасан боловч ОУЭШД-д заасаняллагдагч нь түүний эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчүүдээс асуух буюу эдгээр гэрчүүдийг байцаалгах эрхтэй байх, түүнчлэн эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийн хувьд хэрэглэдэг нөхцлийн дагуу түүний талд мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийг дуудах болон байцаалгах эрхтэй.” гэсэн заалтын хувьд анхааран үзэх хоёр асуудал байгаа юм.

§         Яллагдагч нь түүний эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчүүдээс асуух буюу эдгээр гэрчүүдийг байцаалгах эрхтэй байхгэсэн Дүрмийн дээрх заалт нь өнөөгийн ЭБШХ-ийн яллагдагчийн эрхэд хамаардаггүй. 2002 оноос өмнө эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд яллагдагч өөрийн эсрэг болон зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа этгээдтэй нүүрэлдэх эрхтэй /1963 оны ЭБШХ-ийн 44 дүгээр зүйл/ гэсэн эрх зүйн зохицуулалт байсан тус хуулийн 162 дугаар зүйлд нүүрэлдүүлж байцаах журмын талаар “...харилцан нүүрэлдэж байгаа этгээдүүд бие биедээ асуулт тавьж болох ба ...” гэсэн байна. Тэгэхлээр манай улсын 1963 оны ЭБШХ-д Дүрмийн дээрх агуулгатайт нийцэх заалт байсан ба 2002 оны ЭБШХ-аар яллагдагчийн энэ эрх байхгүй болсон гэж үзэж байна.  

§         Эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийн хувьд хэрэглэдэг нөхцлийн дагуу түүний талд мэдүүлэг өгч байгаа гэрчүүдийг дуудах болон байцаалгах эрхтэйгэсэн Дүрмийн тус заалттай ЭБШХ-ийн 36 дугаар зүйлийн 3.7-д заасаняллагдагч баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэйгэсэн заалт илүү ойр очиж байна гэж үзэх, өөрөөр хэлбэл түүний талд мэдүүлэг өгч байгаа гэрчийн мэдүүлгийг яллагдагчийннотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх”-д хамруулан ойлгож болох юм.

ГУРАВ. Хохирогч ба гэрчийн хамгаалалт болон шүүх хуралдаанд тэдгээрийн оролцоо гэсэн зүйлд /Дүрмийн 68 дугаар зүйл/ Шүүх хохирогч болон гэрчүүдийн хувийн амьдралын аюулгүй байдал, бие махбодийн болон сэтгэл санааны сайн сайхан байдал, нэр төр болон хувийн халдашгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авна.Ингэхдээ Шүүх нас, хүйсийн хүчин зүйл болон эрүүл мэндийн байдал түүнчлэн гэмт хэргийн шинж чанар болон зөвхөн үүгээр хязгаарлахгүйгээр гэмт хэрэг нь бэлгийн, хүйсийн буюу хүүхдийн хүчирхийллийг хамарсан нөхцөл байдал зэрэг холбогдох бүх хүчин зүйлийг харгалзан үзнэгэсэн байдаг. ЭБШХ-ийн хохирогч /ЭБШХ-42/ болон гэрчийн /ЭБШХ-45/ эрхэд хувийн халдашгүй байдлаа хамгаалуулах эрхийг зааж өгөөгүй байдаг тул энэ заалтыг ЭБШХ-д нэн даруй нэмж оруулах нь зүйтэй байна.

ДӨРӨВ. Шүүгчдийн хараат бус байдал гэсэн Дүрмийн 40 дүгээр зүйлд шүүгчид чиг үүргээ гүйцэтгэхдээ хараат бус байж мөн өөрсдийн шүүгчийн чиг үүргээ гүйцэтгэхдээ саад учруулах буюу тэдгээрийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлж болох үйл ажиллагаанд оролцохгүй гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. ЭБШХ-ийн 15.1-т Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч хараат бус байж,  гагцхүү хуульд захирагдана. 15.2-т Албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэсэн заалтууд байдаг. ЭБШХ-ийн 15 дугаар зүйлийн 2 дох хэсгийн заалтыгШүүгчид өөрсдийн чиг үүргээ гүйцэтгэхдээ саад учруулах буюу тэдгээрийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлж болох үйл ажиллагаанд оролцохгүйгэсэн заалттай бүрэн нийцэж байна гэж үзэх нь учир дутагдалтай тул Дүрмийн тус заалтыг ЭБШХ-ийн 15 дугаар зүйлд нэмж оруулах нь зүйтэй байж болох юм.

ТАВ. Нотлох баримтын тухайдталууд хэрэгт холбогдолтой нотлох баримт гаргаж болох ба шүүх үнэнийг тогтоохын тулд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бүх нотлох баримт гаргаж өгөхийг шаардах эрхтэйгэж Дүрмийн 69 дүгээр зүйлд заасан байдаг. МөнШүүх Дэгийн болон нотолгооны журмын дагуу нотлох баримтын шинж чанар, түүнчлэн шударга шүүх хуралдаан хийх буюу гэрчийн мэдүүлгийг шударгаар үнэлэхэд хохирол учруулж болох тийм нотлох баримтыг анхааралдаа авах замаар аливаа нотлох баримтын хамаарал болон хүлээн авч болох эсэх тухай шийдвэр гаргаж болногэсэн байна. ЭБШХ-ийн 79 дүгээр зүйлдНотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.“ гэсэн байна.

ЭБШХ-ийн 84 дүгээр зүйлдГэрч нь хэргийг нотлоход хамааралтай бүхий л байдал, түүний дотор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хувийн байдал, түүнчлэн түүнтэй ямар харилцаатай болох тухай асуудлаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.”гэсэн байдаг бол  ЭБШХ-ийн 90 дүгээр зүйлдЭнэ хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу олж авсан, гаргаж өгсөн соронзон болон дүрс бичлэг, гэрэл зураг нь баримт бичигт хамаарна” / ЭБШХ-ийн 90.3/ гэжээ.

ЭБШХ-д сэжигтэн баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах /ЭБШХ-ийн 35.2.3/, яллагдагч баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, / ЭБШХ-ийн 36.3.7/ шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэхэд оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй / ЭБШХ-ийн 261.3/ гэсэн байдаг. Иймд Дүрмийн 69 дүгээр зүйлийн нотлох браимтын талаарх заалтуудтай  ЭБШХ-ийн холбогдох заалтууд нийцэж байна.

ЗУРГАА. Дүрмийн 85-р зүйлийнБаривчлагдсан буюу гэм буруутай этгээдэд нөхөн төлбөр төлөх гэсэн заалтын дагуу хууль бусаар баривчлагдсан буюу хоригдсоны золиос болсон хүн бүр нөхөн төлбөр авах эрхтэй ба  хэрэв ямар нэгэн этгээд гэм буруутай гэж тооцогдож гаргасан шийтгэх тогтоол нь шинэ буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн алдаа болох нь нотлогдон өөрчлөгдсөн бол хуулийн дагуу нөхөн олговрыг авна гэсэн байдаг. Мөн онцгой тохиолдолд Шүүх шүүхийн бүдүүлэг бөгөөд гарцаагүй алдаа байсныг гэрчлэх маргашгүй баримт илрүүлээд хэргийг хэрэгсэхгүй болгох буюу шүүн таслах ажиллагааг зогсоох тухай эцсийн шийдвэр гаргавал өөрийн үзэмжээр нөхөн олговор олгохоор шийдвэрлэж болно гэжээ. Тэгвэл энэхүү заалтын талаар манай улсын хуулинд заахдааМонгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан  эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж  авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй /ЭБШХ-381.1/” гэсэн байна. Хохирол нөхөн төлүүлэх эрх нь  баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан,тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан,тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон,эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол үүснэ /ЭХ,389.21-389.2.4/ гэсэн нь байдаг ч “гаргасан шийтгэх тогтоол нь шинэ буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн алдаа болох нь нотлогдон өөрчлөгдсөн болон онцгой тохиолдолд Шүүх шүүхийн бүдүүлэг бөгөөд гарцаагүй алдаа байсныг гэрчлэх маргашгүй баримт илрүүлээд хэргийг хэрэгсэхгүй болгох буюу шүүн таслах ажиллагааг зогсоох тухай эцсийн шийдвэр гаргавал өөрийн үзэмжээр нөхөн олговор олгохоор шийдвэрлэж болногэсэн  Дүрмийн заалтын анхааран үзэх нь зүйтэй.

ДОЛОО. Давж заалдах хэргийн талаар мөн ОУЭШРД-ийн 84 дүгээр зүйлдГэм буруутай гэж тооцогдсон буюу түүнийг нас барсны дараа эхнэр болон нөхөр, хүүхэд нь буюу эцэг эх, эсхүл яллагдагч нас барах үед хамт амьдарч байсан бөгөөд түүнд тийм нэхэмжлэл гаргах талаар бичгээр тодорхой чиглэл өгсөн этгээд буюу гэм буруутай хэмээн тооцогдсон этгээдийн нэрийн өмнөөс Прокурор шийтгэсэн буюу ял ногдуулсан тогтоолыг буюу эцсийн шийдвэрийг хянан үзэх тухай хүсэлтийг Давж заалдах шатны танхим гаргаж болногэсэн байдаг.Гэхдээ шүүх хуралдааны үед байгаагүй бөгөөд байгаагүйн хариуцлагыг хүсэлт гаргасан тал хариуцах ёсгүй, мөн тэдгээрийг шүүх хуралдааны явцад гаргасан бол өөр шийдвэр гаргахад хүргэх байсан нилээд чухал баримт,шүүх хуралдааны явцад анхааралд авсан бөгөөд түүнийг шийтгэсэн тогтоол гарахад нөлөө үзүүлсэн нотлох баримт нь худал буюу зохиомол болохыг нотолсон шинэ баримтууд илэрсэн бол,шийтгэх тогтоол гаргах буюу яллагааг батлахад оролцсон нэг буюу хэд хэдэн шүүгч хэргийг хянан хэлэлцэх явцад тэр шүүгч буюу шүүгчдийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болоход хангалттай хэмжээний хүнд байдлаар өөрийн үүргээ ноцтой зөрчсөн бол гэсэн үндэслэлүүд байгаа тохиолдолд Прокурор давж заалдах хүсэлтийг гаргадаг.

Манай улсын ЭБШХ-ийн 303.1-тЯлтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэсэн байдаг.Дүрмийн дагуу Прокурор давж заалдах хүсэлт гаргадаг бол манай эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг байна.  Иймээс эдгээр ойлголтууд нь зөрүүтэй байгаа хэдий ч оролцогч улсуудын дотоодын шүүх нь Олон улсын эрүүгийн Шүүхээс бүтэц, зохион байгуулалтаар өөр байж болохыг Дүрмээр хориглоогүй байдаг юм.

НАЙМ. Дүрмийн 100 дугаар зүйлд Шүүхийн зардлын талаар өгүүлсэн байна. 

Монгол Улсын ЭБШХ-ийн[3] заасан байцаан шийтгэх ажиллагааны зардлын тухай заалт нь Дүрмийн энэ тухай заалттай үндсэндээ нийцэж байх боловч Монгол Улсын ЭБШХ-д гэрч, хохирогч, шинжээчдийг хамгаалах тухай зохицуулалт байдаггүйтэй холбоотойгоор Дүрэмд заасан гэрч, шинжээчдийн болон тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад гарсан зардлыг шүүхийн зардалд багтаан заагаагүй байна. Монгол Улсын ЭБШХ-д дээр дурдсанаар “Гэрч, хохирогч, шинжээчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх” тухай зохицуулалт нэмж оруулахын хамт тэдний аюулгүй байдлыг хангах, хамгаалахад төлсөн зардлыг шүүхийн зардалд оруулан хуульчлах нь зүйтэй байна.

 

 

ХЗҮТ-ийн Криминологийн судалгааны секторын эрдэм

шинжилгээний ажилтан, Хууль зүйн ухааны магистр Б.Одонгэрэл

 



[1] Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм “Төрийн мэдээлэл”,2005 он,Тусгай дугаар II боть

[2] Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 173 дугаар зүйл, “Төрийн мэдээлэл”, 2002 он, ¹6

[3] Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 99 дүгээр зүйл, “Төрийн мэдээлэл”, 2002 он, ¹6

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-03-22 -

Бичсэн: Зочин

баярлах

. Шууд холбоос

2009-09-11 - Амараа

Бичсэн: Зочин

энэнээс илүүг бичвэл их сүнирхолтой бйах байна алга ташилт алга ташилт алга ташилт

. Шууд холбоос





:-)
 
xaax