Криминологи
Dateline: 2009-06-02
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ БОЛОН ХОРИХ ЯЛЫН АЛЬТЕРНАТИВ

Ял бол гэмт хэргийн салшгүй хэсэг бөгөөд хуулийг үл хэрэгсэгчдийг цочроогч юм. Тийм ч учраас хүн төрөлхтөн буруу, зөв үйлдлийг ялган салгадаг болсон үеэс эхлээд тухайн үйлдэл эс үйлдлийг ямар аюултай болохыг өөрсдийн үнэлэмжээр тогтоож, түүнд тохирсон шийтгэлийг бий болгож, хэрэглэсээр ирсэн.

Аль ч нийгмийн үед нийгмийн болоод иргэдийн сэтгэл зүйд гэмт хэргээс илүүтэй гэмт хэрэг үйлдэгчид оногдуулах ял, түүний төрөл, хэмжээ нөлөөлсөөр ирсэн. Тэгэхээр гэмт этгээдэд түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь тохируулан оногдуулах ялын төрлийг сонгож хэрэглэх, түүний хэмжээг тогтоох асуудал шүүх, шүүгчдийн мэргэжлийн ур чадварыг шалгасан, шаардсан чухал асуудал байдаг байна.

Иймийн учир энэхүү илтгэлээр монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял, түүний төрөл, ялыг сонгон хэрэглэх боломж нөхцөлийг түүхийн 3 үеэр авч үзлээ.

 

 

1. Үндэсний ардчилсан хувьсгал хүртэлх үеийн эрүүгийн хууль тогтоомж дахь ялын төрөл

Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжид эрүүгийн ял, түүний төрөл, хэмжээг хэрхэн зохицуулж байсныг монголын анхны бичмэл хууль болох “Их засаг” хуулиас эхлэн Монгол Улсад ардын хувьсгал ялахын өмнө үйлчилж байсан  “Юан улсын нэвтэрхий хууль”, Алтан хааны цаазын бичиг, Монгол ойрадын цааз бичиг, Халх журам хууль, Зарлигаар тогтоосон гадаад монголын төрийг засах явдлын яамны Хууль зүйлийн бичиг гэх 7 хуульд ял шийтгэлийн төрлийг хэрхэн тогтоон хуульчилж байсныг[1], ял шийтгэл нь ямар зорилго, шинж чанарыг агуулж байсан болохыг товч авч үзэж дүгнэлээ.

Ардын хувьсгалаас өмнө үйлчилж байсан дээрх хуулиудаар тогтоосон ялыг төрлөөр нь авч үзвэл:

·        Цаазаар авах буюу буудан алах ял[2] хамгийн хүнд төрлийн ял байсан байна. Уг ялыг өргөн хэрэглэж байсан бөгөөд хөвчлөн алах, огтчин алах, алгуурлан алах, цавчин алах, цавчин алж олонд үзүүлэх хэлбэрээр гүйцэтгэгдэж байжээ[3].

·        Хорих ялыг ихэвчлэн таслан сэргийлэх арга хэмжээ болгон хэрэглэж байсан ба зарим цөөн тохиолдолд ял болгон хэрэглэж байсан байна[4]. Уг ялыг “Монгол ойрадын цааз бичиг” хуульд газэр нүхэнд хорих хэлбэрээр эдлүүлнэ хэмээн заажээ.

·        Биеийг тарчлаах, тамлан зовоох шинжтэй дөнгөлөх[5], зодож занчих[6], туйвандах, чавчрагдах[7], чих, хурууг огтлох[8], ташуурдах[9] ялын төрлийг хуульчлан хэрэглэж байжээ.

·        Цөлөх ялыг гэмт этгээдийг тодорхой нутаг зааж суулгах байдлаар хэрэгждэг байсан байна. Энэхүү ялыг эхнэр хүүхдийн хамт өртөөний хүнд ажилд зүтгүүлэх, ганцааранг нь өртөөний хүнд ажилд зүтгүүлэх, цаг агаар муутай газарт байлгах зэрэг  хэлбэрээр эдлүүлдэг байсан байна[10]. Мөн зовоох ажилд зүтгүүлэх ялыг энэхүү цөлөх ялтай хамт буюу нэмэгдэл ялын чанартайгаар хэрэглэдэг байсан байна.

·        Эд хөрөнгө хураах ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эд хөрөнгийг бүгдийг буюу зарим хэсгийг үнэ төлбөргүй албадан авч, албанд эсвэл хохирогчид өгүүлэх хоёр хэлбэртэй байсан байна.

·        Торгох ял дээр дурдсан бүх хуулиар хуульчлагдсан байсан боловч “ЗТГМТЗЯЯ-ны Хууль зүйлийн бичиг” хууль дахь ялын төрөлд нэлээд байрыг эзэлж байсан байна. Торгох ялыг 9, 7, 5, 3 гэж ангилж байсан бөгөөд энэ нь торгуульд гаргуулөх малын төрөл, толгойн тоог илэрхийлдэг байсан байна. Тухайлбал, 3 ес торгогдвол 1 үнээ, 1 хонь, 1 бяруу гаргуулж байсан гэх мэт.

 

 

Дээр дурдсан бүх хуулиар зодох занчих, дөнгөлөх ялыг хуульчилсан байх агаад эдгээр нь гэмт этгээдийн биед өвдөлт, шаналал үүсгэх, тарчлаах шинжтэй бөгөөд түргэн хугацаанд эдлүүлдэг онцлогтой ял байжээ.

Мөн дээрх хуулиудад торгох, ор босгох, пүнлүү хасах, албат нарыг нь хурааж, бусдад өгөх гэх ялын төрлийг хуульчилсан нь мөн хугацаа шаардахгүй, тодорхой хугацаанд биелэгдэх шинжтэй ял байсан байна.

Зарим хуульд боол болгох ялын төрлийг, мөн заримд нь хэргэм зэрэг буулгаж, албан тушаалаас нь огцруулах, түшмэл эвдэх ялыг хуульчилсан мөн л тодорхой хугацаанд биелэгдэх шинжтэй ял байжээ.

Харин андгайлах, олны өмнө ичээн зовоож яллах зэрэг ял нь илүү гэмт этгээдийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилго бүхий, хөнгөн төрлийн ял байсан бололтой.

Судлагдсан дээрх 6 хуулийн 4-т нь хорих ялын төрлийг хуульчилснаас үзэхэд хорих ялаас илүүтэй ялын бусад төрлийг чухалчилдаг байжээ. Ийнхүү хорих ялыг хуульчлан хэрэглэдэггүй байсан явдал нь XIII зууны монгол орны нөхцөл байдалтай холбоотой байж болох юм. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин соёл иргэншилтэй улс гэмт этгээдийг удаан хугацаагаар хорих гэх мэт цаг хугацаа шаардсан, үргэлжлэх шинжтэй ялыг хэрэглэх, эдлүүлэх боломж нөхцөл хомс байснаас ийнхүү нэг удаагийн шинжтэй зодож жанчих, торгох, эд хөрөнгийг хураах, албан тушаал, цалин пүнлүү хасах гэх мэт төрлийн ялыг илүүтэй хуульчлан хэрэглэж байсан байна.

Ер нь дээрх хуулиуд дахь ял нь хүнлэг бус, хүнд хэрцгий хандах буюу тамлан тарчлаах, доромжлох зорилгыг агуулж байжээ гэх дүгнэлтийг илтгэгчийн зүгээс хийж байна.

 

 

2. Социализм байгуулалтын үеийн эрүүгийн хууль тогтоомж дахь ялын төрөл

            Ардын хувьсгал ялснаас хойш Монгол Улсад 1926 онд анхны эрүүгийн төрөлжсөн хууль болох  Шүүх цаазын бичиг батлагдсан бөгөөд уг хуулиар эрүүгийн ял шийтгэлийн төрөл, зорилго, ял эдлүүлэх арга хэлбэрт ихээхэн өөрчлөлт орсон байна. Уг хуулийн 5 дугаар зүйлд ялын төрлийг зааж, “ял” гэхийг “ял ба засан сайжруулах арга хийгээд ард олныг арчлан хамаалах арга” хэмээн томёъолсноор илэрхийлэгдэнэ. Хууль дахь энэхүү нэр томъёоны агуулгаас харахад ял нь өмнө мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн үзэл баримтлал дахь цээрлүүлэх, залхаах бус гэмт этгээдийг засан сайжруулах, иргэдийг гэмт хэрэг үйлдэхээс болон гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой болсон нь харагдаж байна.

            Энэ хуулиар хуучин хуульд байсан алах, цөлөх, дөнгөлөх, пүнлүү хасах ялыг хорих, торгох ял болгон, боол болгох ялыг засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял болгон өөрчилсөн төдийгүй Манж Чин улс болон Монголын хаант улсын ял шийтгэлийн төрлийг үндсэнд нь өөрчилсөн юм.

            Социализм байгуулалтын үед дээрх хуулиас гадна 1929 онд Шүүх цаазын бичиг,   1934 онд Шүүх цаазын бичиг, 1942 онд Эрүүгийн хууль, 1961 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, батлан дагаж мөрдөж байсан ба энэ үеийн эрүүгийн хууль тогтоомж дахь ял, түүнийг эдлүүлэх хэлбэрийг өмнөх хуулиудаас илүү боловсронгуй болгон хуульчилж байсан ба энэ үед гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан хорих ялыг тэнсэх, хугацаанаас өмнө суллах асуудлыг хуульчлан зохицуулсан байна.

            Эцэст нь дүгнэхэд социализм байгуулалтын үеийн эрүүгийн хууль тогтоомж дахь ялын эрх зүйн зохицуулалт нь Монгол Улсын Эрүүгийн эрх зүй дэх ялын үндсэн төрөл, хэлбэрийг тодорхойлж, ялыг ялтныг засан сайжруулах буюу хүмүүжүүлэх зорилгоор эдлүүлэх явдалд анхаарч байжээ.  Тухайлбал, социализм байгуулалтын үеийн эрүүгийн хууль тогтоомжид олон нийтийн өмнө буруушаах буюу донгодох, нутаг зааж суулгах, зарим  одон медал, цол зэргийг хасах гэх мэт сэтгэл зүйн нөлөөлөл бүхий ялыг хэрэглэж байсан байна.

 

 

2. Социалист байгууллын дараахь үеийн эрүүгийн хууль тогтоомж дахь ялын төрөл

            1980-аад онд дэлхий нийтийг хамарсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл өрнөж, Монгол Улс дахь нийгмийн болон эдийн засгийн харилцаанд ч нэлээдгүй өөрчлөлт гарсантай уялдан Эрүүгийн хуульд томоохон хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий болсон юм. Энэ шаардлагын дагуу Монгол Улс Эрүүгийн хуулиа шинэчлэн найруулж, 1987 онд Эрүүгийн шинэ хууль батлан мөрдсөн ба уг хуулиар өмнөх хуульд заасан 11 төрлийн ялаас нутгаас зайлуулах, нутаг заах, сахилгажуулах ангид явуулах, олон нийтийн өмнө буруушаах, цэргийн болон бусад цол, түүнчлэн одон медаль, хүндэт алдар цолыг хасах гэх 5 төрлийн ялыг хасаж, ялын 6 төрлийг хөнгөнөөс хүнд рүү нь дараалуулан хуульчилсан байна.

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан ба нийгмийн шинэ харилцаа төлөвших үйл явцтай уялдан Монгол Улсын Их Хурлаас баталсан эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх зорилгоор 2002 онд Эрүүгийн хуулийг баталсан юм.

Уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-ээс 46.1.7 дахь заалтад дараахь 7 төрлийн ял (торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах)-ыг хөнгөнөөс хүнд рүү нь төрөлжүүлэн хуульчилсан ба өмнөх хуульд заасан засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг хасаж, “албадан ажил хийлгэх”, “баривчлах” гэх ялын шинэ төрлийг нэмж хуульчилсан юм.

Ийнхүү дээрх хуулиар шинэ төрлийн ялыг хуульчилсан боловч эдгээр ялыг эдлүүлэх нөхцөл боломж бүрдээгүй, хуулийн зарим зохицуулалт өөр хоорондоо зөрүүтэй, эсвэл бүрэн бус зохицуулалттай, мөн хуульд зааснаар хөнгөн ял оногдуулах зохицуулалт байхгүйгээс шүүх хуульд заасан ялыг сонгож оногдуулахад болон, ял эдлүүлэх ажиллагаанд нэлээдгүй бэрхшээл учирдаг юм. Эдгээрийг дурдвал:

 

 

  1. Хорих болон баривчлах ял оногдуулалт, эдлүүлэлтийн  талаар

2002 оны Эрүүгийн хуульд ялын бодлого хэт өндөр буюу чанга хуульчлагдсанаас гадна хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжгүйгээр хуульчлагдсан, мөн зарим тохиолдолд хорихоос өөр төрлийн ялыг сонгож оногдуулах боломжгүй /тухайн зүйл ангид заасан гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулахаар заасан/-гээр тул хорих ял оногдуулалтын хэмжээ өмнөхөөс нэлээд нэмэгдсэн.

Хуучин хууль үйлчилж байх үед жилд дунджаар 6000 орчим хүн хорих ял эдэлдэг байсан бол 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өссөн дүнгээр 8829 ялтан ял эдэлсэн байна[11]. Гэвч энэхүү тоо нь зөвхөн хорих ял эдэлсэн хүний тоо бус хорих, баривчлах ял эдэлсэн хүний тоо ажээ.

Тэгэхээр яагаад хорих болон баривчлах ял нь өөр төрлийн ял атлаа эдгээр ялыг эдэлж буй хүний тоо ийнхүү нэгдсэн байдлаар гарав гэх асуудал Та бүхний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа байх. Хэдийгээр эдгээр ял нь зарчмын хувьд хорих болон хорихоос өөр төрлийн ялын төрөл /баривчлах ял нь хорихоос өөр төрлийн ял/-д хамаарах боловч ял эдлүүлж байгаа хэлбэрээрээ төдийлөн ялгагдахгүй байна.

Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар  баривчлах ялыг “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлах байлгах замаар сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх” хэлбэрээр эдлүүлэх ёстой атал өнөөдөр Монгол Улсад энэхүү ялыг хуульд заасан хэлбэрээр “ганцаарчлан” эдлүүлэхгүй, харин жирийн дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэхтэй ижил хэлбэрээр олноор нь байлгаж, зарим орон нутагт хоригдлын хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт хэлбэрээр эдлүүлж байна. Энэ нь зарчмын хувьд хууль зөрчихөөс гадна хоригдлын эрхийг зөрчсөн хэрэг болдог. Учир нь хорих ял эдэлж буй хоригдол хөдөлмөр эрхэлж, түүнийхээ хариуд цалин хөлс авах эрхтэй байдаг бол баривчлах ял эдэлж буй ялтан хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрх зүйн зохицуулалт байхгүй, мөн уг ялтанд цалин хөлс тооцож, олгох механизм байхгүй. Гэтэл баривчлах ял эдэлж буй ялтнаар хөдөлмөр эрхлүүлж буй нь ялтны хөдөлмөрийг хууль бусаар мөлжиж буй хэрэг юм.

Ийнхүү хорих, баривчлах ялыг ялгамжгүйгээр эдлүүлэх, хорих ялыг илүү хэрэглэх нь шоронгийн хэт дүүргэлтийг бий болгож, зардлын өсөлт, эрүүл ахуйн нөхцөлийн бууралт, амьдрах нөхцөлийн хүндрэл, тогтоол гүйцэтгэх газрын ажилтнуудын хэт ачаалал зэрэг сөрөг үзэгдлүүдийн шалтгаан болох бөгөөд нэг хоригдлыг ял эдлүүлэхэд сард төрийн албан хаагчийн сарын дундаж цалинтай тэнцэхүйц бөгөөд хорих ял эдлүүлэхэд гарч буй зардлын 5 жилийн дундаж нь томоохон 16 аймгийн жилийн төсөвтэй тэнцэх ажээ[12].

Ийм учраас хорих, баривчлах ял нь төрөөс зардал шаардсан ял боловч ял эдэлж буй этгээд засарч хүмүүжихээс илүүтэй түгшүүртэй бөгөөд ямар нэг хэмжээгээр сэтгэл зүйн хямралд орсон байдаг учир үр нөлөө нь төдийлөн өндөр байдаггүй байна[13].

Мөн баривчлах ял нь оногдуулах хугацааны хувьд ялгаатай болохоос биш ял эдлүүлэх хэлбэрээр хорих ялаас ялгагдах шинжгүй байдлаар хэрэгжиж байгаа нь учир дутагдалтай төдийгүй энэ асуудлыг онцгой анхаарах, зохих арга хэмжээ авах шаардлагыг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, баривчлах ялыг хуульд заасан зорилго, шаардлагын дагуу эдлүүлэх нөхцөл, боломжийг бий болгох шаардлагатай.

Хэрэв баривчлах ялыг хуульд заасан зорилго, шаардлагад нийцүүлэн “хорих ял эдлүүлэх дэглэмээс хөнгөн тодорхой шаардлага бүхий дэглэмд ганцаарчлан” эдлүүлэх учиртайг анхаарах цаг болжээ. Хэрэв энэ нөхцөл, шаардлагы бий болгож чадвал уг ял нь хорих ялын альтернативд нэлээд үр нөлөөтэй байх байх боломжтой ял юм.

 

 

  1. Албадан ажил хийлгэх ял оногдуулалт, эдлүүлэлтийн  талаар

Эрүүгийн хуулиар шинээр хуульчилсан “Албадан ажил хийлгэх ял” нь зарчмын хувьд ялтныг гэр орчноос нь тусгаарлахүйгээр нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх хэлбэрээр хэрэгжих ял юм. Энэхүү ял нь Монгол Улсын ялын тогтолцоонд урьд өмнө байгаагүй, цоо шинэ ял бөгөөд хорих ялын альтернативд нэлээд үр нөлөөтэй байх, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн хөдөлмөрөөр нийгэм болон төрийн өмнө гэм буруугаа хүлээн гэмшиж буйг харуулах зорилго бүхий ял бөгөөд өмнөх хуульд байсан гэмт хэрэг үйлдсэн этгээдээр өмнө нь эрхэлж байсан үндсэн ажлыг нь хийлгэж, цалингийн тодорхой хувийг суутгаж улсын орлогод оруулдаг “засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял”-аас “цалин хөлсгүйгээр ажилладаг”-аараа буюу нийгэмд үйлчлэх, туслах зорилгоороо ялгагдана. Албадан ажил хийлгэх ял нь шоронгийн дүүргэлтийг багасгах, зардлын хэмнэлт хийх, гэм буруутай байдлаа нийгмийн тусын тулд зарцуулан гэм буруугаа ухамсарлах, цайруулах боломжийг гэмт этгээдэд олгож буйгаараа илүү үр нөлөөтэй ял байх боломжтой.

Мөн энэхүү ялыг цаг хугацааны “цаг” хэмжүүрээр тооцох бөгөөд хугацааг ялтан ажлаа хийж эхэлсэн цагаас эхлэн дуусах хүртэл хугацаагаар тооцон эдлүүлж байна. Албадан ажил хийлгэх ял нь дээр дурдсанчлан Монгол Улсын ялын тогтолцоонд шинээр бий болсон ял учраас шүүхээс уг ялыг оногдуулах болон ял эдлүүлэх ажиллагаанд дараахь бэрхшээл учирч байна. Үүнд:

·        Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д ААХЯ-ыг ямар хугацааны дотор эдэлж дуусгах тухай заагаагүй, хугацааг нээлттэй орхисон нь энэ ялыг завших, үр нөлөөг нь  бууруулахад хүргэж болзошгүй байна.

·        Хуулийн зохицуулалтаас шалтгаалан албадан ажил хийлгэх ялын харьцаа алдагдаж байсныг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар залруулж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар ААХЯ-ын хэмжээ 100-500 цагийг баривчлах ялаар солиход баривчлах ялын доод хэмжээнд хүрэхгүй байснаас ял эдлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байсныг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “алдбадан ажил хийлгэх ялын 8 цагийг баривчлах ялын 1 хоногтой тэнцүүлэн тооцно” гэж өөрчилсөн нь ял эдлүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон хэрэг болсон.

·        Албадан ажил хийлгэх ялыг ямар байгууллагад, ямар ажлын байранд эдлүүлэх нь тодорхой биш Монгол Улсын Хууль зүйн үндэсний төвийн Криминологийн судалгааны сектороос 2005 онд явуулсан “Албадан ажил хийлгэх боломжтой байгууллага, аж ахуй нэгж, ажлын байрны судалгаа”-аар уг ялыг 129 байгууллага, аж ахуйн нэгж /төрийн болон төрийн бус байгууллага, улсын үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж/-ийн 23 ажлын байр /барилгачин, засварчин, газар шорооны ажил, бичиг тараагч, орчуулагч, мужаан гэх мэт/-нд эдлүүлэх боломжтой гэж дүгнэсэн боловч одоогийн байдлаар уг ялыг ихэвчлэн гудамж талбай цэвэрлүүлэх гэх мэт хот тохижолт, нийтийн үйлчилгээний салбарт ажиллуулах хэлбэрээр эдлүүлж байна.

Иймд дээрх ялыг эдлүүлэхэд гарч буй бэрхшээлийг буюу хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх нь уг ялыг илүү үр нөлөөтэй байлгах, гэмт хэргийн гаралтын түвшинг бууруулах, ялтныг дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх үр нөлөөтэйгөөс гадна цаашид хорих ялын альтернативд нэлээд нөлөөлөх ял болох юм.

 

 

  1. Торгох ял оногдуулалт, эдлүүлэлтийн  талаар

Торгох ял нь Монгол Улсын эрүүгийн ял шийтгэлийн тогтолцоонд нэлээд байр суурийг эзлэх, хамгийн хөнгөн төрлийн ял бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулиас өмнөх хуулиар торгох ялын хэмжээг тодорхой заан хуульчилж байсан бол 2002 оны хуулиар торгох ялын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцож тогтоохоор заасан юм.

Уг хуулиар торгох ялын хэмжээ нэлээд өндөр тогтоогдсон бөгөөд хорих болон баривчлах ял, торгох ялын аль нэгийг сонгож оногдуулахаар заасан нэлээд зүйл байдгаас ял сонгож оногдуулахад багагүй бэрхшээл учирдаг байна. Тухайлбал,

 

 

Иймд хууль дахь хүнд төрлийн ял, хөнгөн төрлийн ялын аль нэгийг сонгон оногдуулахаар заасан зохицуулалтыг өөрчлөн хуульд заасан ялын төрлөөс чөлөөтэй сонгон оногдуулах боломжийг хуулиар олгох нь зүйтэй гэх дүгнэлтийг хийж байна.

 

 

  1. Эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний  талаар

Монгол Улсын Эрүүгийн шинэ хуулиар ялаас гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ хэрэглэх тухай, уг арга хэмжээний дараахь 2 төрлийг заан зохицуулсан юм.

·        Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ. Энэхүү арга хэмжээг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байх үедээ, эсвэл хэрэг хариуцах чадвартай байхдаа гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхээр шийдвэрлэх үед буюу ял эдэлж байхдаа сэтгэцийн өвчтэй болсон, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, өөр бусад өвчний улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээд, архаг архичин буюу мансуурах донтой этгээдэд хэрэглэнэ.

·        Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ. Энэ арга хэмжээг гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд хэрэглэнэ.

 

 

Хуулиар насанд хүрээгүй этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуульд байсан боловч шинэ хуулиар уг арга хэмжээ оногдуулсан насанд хүрээгүй этгээд засарч хүмүүжээгүй тохиолдолд шүүх уг этгээдийг “Насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-д явуулах арга хэмжээ авахаар зохицуулсан нь шинэлэг зохицуулалт болсон юм.

Гэвч хууль хэрэгжиж эхлээд 7 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч “Насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага” байгуулагдаагүйгээс уг арга хэмжээг хэрэглэх боломжгүй байна.

Ийм учраас хуульд заасан эрүүгийн хариуцлагын дээрх арга хэмжээг хэрэглэх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангах үүднээс “Насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-ыг байгуулах талаар дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд оногдуулах ялын сонголтыг үр нөлөөтэй болгох юм.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

Хууль зүйн доктор, профессор

/2009 оны 5 сард ХБНГУ-ын Макс Планкийн Их сургуулийн эрдэм шинжилгээний хурал дээр  тавьсан илтгэл/

 

 

---oOo---



[1] Хавсралтаас харна уу.

[2] “Их засаг” хууль, Монгол ойрадын цааз бичиг, Гадаад монголын хууль зүйлийн бичиг, Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг хуулиудад ялын энэхүү төрлийг хуульчилсан байжээ.

[3] Б.Баярсайхан. Хууль зүйн тайлбар толь (Монгол Улсын төр, эрх зүйн түүх). УБ. 2003 он. 242 дахь тал.

[4] Г.Совд. БНМАУ-ын Эрүүгийн эрхийн курс. УБ., 1973. 39-40 дэх тал.

[5] “Их засаг” хууль, Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичигт дөнгөлөх ялыг хуульчилсан байна.

[6] Дээрх бүх хуулиудад зодох занчих ялын төрлийг ямар нэг хэлбэрээр заан хуульчилсан байна.

[7] Юан улсын Нэвтэрхий хуульд энэхүү ялын төрлийг хуульчилж байсан.

[8] Монгол ойрадын цааз бичигт энэхүү ялын төрлийг хуульчилж байсан.

[9] Монгол ойрадын цааз бичиг, Халх журам хуульд энэхүү ялын төрлийг хуульчилж байсан.

[10] Б.Баярсайхан. Хууль зүйн тайлбар толь (Монгол Улсын төр, эрх зүйн түүх). УБ. 2003 он. 242 дахь тал.

[11] Д.Дамдинцэрэн. “Шүүхийн шийдвэр, түүний хэрэгжилт” илтгэл. “Эрх зүйт төр-хууль ёсны хэрэгжилт” /Үндэсний зөвлөгөөний илтгэлүүд/. 2008 он. 162 дахь тал.

[12] Хорих ялын нийгэм, эдийн засгийн өртгийн судалгааны тайлан. 2004 он. Хууль зүйн үндэсний төвийн Криминологийн судалгааны сектороос явуулсан судалгаа.

[13] Хорих ялын сэтгэл санааны өртгийн судалгааны тайлан. 2004 он. Хууль зүйн үндэсний төвийн Криминологийн судалгааны сектороос явуулсан судалгаа.

[14] Торгох, хорих санкцтай зүйл анги: 111.3, 112.3, 115.3, 121.1, 144.2, 144.3, 145.3, 146.3, 148.3, 153.1, 156.1, 156.2, 157.1, 164.2, 165.1, 184.1, 186.1, 186.2, 191.1, 200.1, 208.1, 209.1, 211.1, 212.1, 226.1, 227.2, 234.3, 235.1, 243.2, 253.2, 254.1, 254.2, 277.2,

3 Баривчлах, торгох санкцтай зүйл анги: 89.1, 90.1, 99.1, 104.1, 106.1, 109.1,  110.1, 11.1, 111.2, 115.2,  118.1, 119.1, 120.1, 123.1, 123.2, 124.1, 130.1, 130.2, 135.1, 136.1, 137.1, 137.2, 138.1, 139.1, 139.2, 140.1, 141.1, 142.1, 143.1, 144.1, 146.1, 150.1, 151.1, 152.1, 154.1, 155.1, 155.2, 159.1, 161.1, 162.1, 163.1, 164.1, 167.1, 169.1, 171.1, 172.1, 173.1, 175.1, 185.1, 187.1, 188.1, 197.1, 198.1, 201.1, 204.1, 214.1, 215.1, 218.1, 220.1, 221.1, 222.1, 223.1, 233.1, 234.1, 239.1, 244.1, 246.1, 252.1, 253.1, 255.1, 257.1, 260.1, 263.1, 264.1, 267.1, 277.1, 298.1.

 

 

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2012-03-24 -

Бичсэн: Зочин

маш гоё илтгэл болсон байна таны ажилаас амжилт хүсэе гоё шүү

. Шууд холбоос

2010-05-11 - asuult bna

Бичсэн: Зочин (зочин)

Хорих ялын нийгэм, эдийн засгийн өртгийн судалгааны тайлан. 2004 он. Хууль зүйн үндэсний төвийн Криминологийн судалгааны сектороос явуулсан судалгаа.

[13] Хорих ялын сэтгэл санааны өртгийн судалгааны тайлан. 2004 он. Хууль зүйн үндэсний төвийн Криминологийн судалгааны сектороос явуулсан судалгаа

haanaas olj boloh ve olj ogch tuslaach

. Шууд холбоос

2010-04-10 -

Бичсэн: сараа (зочин)

гоё шүү

. Шууд холбоос

2010-04-10 -

Бичсэн: Зочин

гоё шүү гоё шүү гоё шүү

. Шууд холбоос





:-)
 
xaax