Криминологи
Dateline: 2010-01-19
Мөнгө угаах гэмт хэрэг түүний криминологи шинж

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын

эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд

Дэлхий дахинд “Мөнгө угаах” гэмт хэргийн талаархи ойлголт, нэгдсэн нэр томъёо, бүрэлдхүүний шинжийг тогтоосон боловч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам боловсронгуй болоогүй байна. Энэ гэмт хэргийн талаархи ойлголтыг зөвхөн хуулийн байгууллагын албан хаагчид мэдэж байх ёстой гэсэн явцуу ойлголтоос бид салах хэрэгтэй. Банк санхүүгийн салбарт их хэмжээний хохирол учруулдгаар энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул тодорхойлогддог.

Монголбанкны Санхүүгийн Мэдээллийн алба нь мөнгө угаах гэмт хэргийг ерөнхийд нь хянах үүрэгтэй байдаг. Саяхнаас дампуурсан банктай холбоотойгоор мөнгө угаах гэмт хэрэг тэрхүү банкинд үйлдэгдэж байсан юм биш биз гэсэн хардлага бүхий нийтлэлийг өдөр тутмын хэвлэлүүдэд байнга шахуу гарч эхэллээ.[1]

Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу болох түүний үүсэл хөгжил, төрөл, арга хэлбэрүүд гэж юу болох талаар би энэ удаа өгүүлэх гэсэнгүй. Энэ тухай хуульч судлаачид хангалттай томъёолж, эрүүгийн эрх зүйн үүднээс тайлбарласан. Гагцхүү Монгол Улсад  мөнгө угаах буюу шинэ төрлийн гэгдэх энэ хэрэг үйлдэгдэж байна уу үгүй юу ямар хэлбэрээр үйлдэгдэж болох вэ, Түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд юу байж болох вэ гэдэгт хариулт өгөхийг зорилоо. 

Манай улсад хар тамхи, галт зэвсэг зарж борлуулдаг мафи, картел, синдикатууд байх боломжгүй. Тийм болохоор гэмт бүлэглэлүүдийн мөнгө угаах гэмт хэрэг манай улсад үйлдэгдэхгүй боловч харин гадаад улсуудын ийм байгууллагууд мөнгө угаах аятай нөхцөлтэй орны тоонд  багтдаг.  Дээрээс нь эдгээр бүлэглэлүүдийн гар хөл болох, эсвэл тэдэнд хууртах хэлбэрээр мөнгө угаагдах гэмт хэрэг үйлдэгдэх боломжтой юм. Эдгээрээс дурвал:

Сан байгуулах: Сүүлийн үед сан байгуулах нь үзэгдэл нилээд түгээмэл болоод байна. Сангийн шугамаар оруулж ирж байгаа мөнгө ямар ч хүний нүдэнд буцалтгүй тусламж хэлбэрээр харагддаг, мөн  татвараас зайлсхийх тун энгийн мөртлөө хялбар арга бөгөөд эрсдэл багатайд тооцогддог. Дээрээс нь хүмүүнлэгийн сайн аян явуулдаг мэтээр ард иргэдийн нүдэнд тусдаг боловч мөнгө угаах гэмт хэрэг санг  тойрч байгаагүй юм.

Банкинд хувь нийлүүлэх: Практикт тохиолдоод байгаа банкуудын дампуурал, хараа хяналтгүй байдал, хув нийлүүлсэн хөрөнгө гэх мэт үйлдлүүдээс мөнгө угаах гэмт хэргийн энгийн элементүүд ажиглагдаж байна. Зарим нь гадаадын нэгэн банкинд мөнгөө хадгалуулаад алдсан гэдэг. Чухамдаа Оросод мөнгө угаах зорилгоор сард хэдэн банк нээгдэж, хаагдаж, дампуурч байдаг нь нэн түгээмэл.[2] Тийм ч учраас Оросын Холбооны улсын Хууль Зүй, Дотоод явдлын яам, Санхүүгийн албад хамтран ийм банкуудын тоог цөөлөх, мөнгө угаах хэлбэрээр байршуулдаг байдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. 

 Шашны урсгал, хандив: Шашны нэлээд  гуйвуулагдсан урсгал сектүүд олноор орж ирснээр монголчуудын уламжлалт сэтгэлгээ, үнэлэмж амьдарлын хэв маяг, нийгмийн ёс суртахуун гэдэг ойлголт өөрчлөгдөхөд хүргэж өөрчлөх, нийгмийг илүү задгай байлгах чиглэлд илүү түлхүү үйлчилж байгаа нь ажиглагдаж, зарим төрлийн шашны хориотой   хэлбэрүүд ч гэмт хэргийн сэдлийг  “шүтэгч этгээдэд”, төрүүлдэг, тархийг нь угаадаг байдлууд ч байсаар байна. Энэ нь эд хөрөнгөгүй байхыг шаардах, орлогынхоо 10 хувийг өгөх зэргээр илэрдэг. Зарим тохиолдолд ямар нь мэдэгдэхгүй санхүүгийн эх үүсвэр шашны байгуулагуудаар дамжин орж ирдэг бөгөөд үүнийг хянах боломж манай улсад байхгүй байна.[3] Өөрөөр хэлбэл  шашны сектүүдийн үйл ажиллагаанд мөнгө угаах гэмт хэрэг агуулагдаж байж болно гэдгийг хууль хяналтын байгууллага анзаарахгүй, шалгахгүй байна.

Барилга байгуулах, зарах, хөрөнгө оруулах , хорших хэлбэрүүд байна. Зарим төрлийн аж ахуйн нэгжүүд гадны  мөнгөн тусламж, эсвэл хувь нийлүүлсэн хөрөнгө гэдэг утгаар хууль бусаар олсон орлогыг оруулж улмаар баригдсан барилгаа заран хууль ёсны орлого болгох явдал хамгийн далд хэлбэрт байдаг төдийгүй ийм барилга байшйн бариулж байгаа эх үүсвэрийг шалгахгүй орхигдуулж байгаа нь гэмт хэрэг үйлдэгчдийг өөгшүүлэх байдалд хүргэж мэдэхээр байна.

Сүүлийн үед манай нэр нөлөө бүхий хууль хамгаалах болон цагдаагийн байгууллагын, банкны удирлагууд УИХ-ын зарим гишүүд өөр өөрийн гэсэн фракцтай болсон зэрэг баримт байдаг[4] Шар хэвлэлд өнгөлж байгаа /хэдий нотолгоотой биш ч/ банктай холбоотой нийтлэлүүдээс аваад үзэхэд ийм бүлэглэл банк болгоны ард байдаг тухай дурджээ.

Эрдэм шинжилгээний бүтээл болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар гаргасан бүтээлүүд, судалгаа, материалыг нэгтгэн авч үзвэл энэ  гэмт хэрэг манай улсад үйлдэгдэх боломж, нөхцөлийн талаар судалсан нь үгүй байна.  SAR /suspisiuios activities report/  буюу сэжигтэй гүйлгээний талаар идэвхтэй шалгах үйлдэл нь энэ төрлийн гэмт хэргийг хянах хамгийн том хэрэгсэл байдаг байна.

Банк хадгалж буй мөнгөө эрүүгийн чанартай эсэхийг шалгадаг, хэлдэг байгууллага биш ямар ч хүний мөнгийг хадгалах үүрэгтэй. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж нотлох ёстой[5] гэдэг боловч мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх туршлага байхгүй нь өнөөгийн нөхцөлд илэрхий байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг гарч, бүртгэгдсэн тохиолдол байхгүй байгаа нь нуугдмал байдалд байгааг харуулж байгаа төдийгүй криминологи шинж нь цагаан болон цэнхэр захтнуудын хүрээнд үйлдэгдэж байдаг онцлогтой хэрэг гэдгийг анхаарвал зохилтой. 

Татвар төлөлтийг сайжруулах тухай нийтлэл гаргадгаараа ОХУ-ын тэргүүлэх хэвлэл болох “OFF SHORE NEWS нь Монгол Улсыг Банк бус санхүүгийн байгууллага байгуулахад хамгийн таатай орны жагсаалтанд оруулсан байна. Монгол Улс нь 2001 оны 9 сарын 11-нээс хойш дэлхийн санхүүчдын хувьд хамгийн их сонирхол татахуйц орон болсныг дурджээ. [6]

Америкт болсон 9 сарын 11-ны гэгдэх террорист халдлагын дараагаар батлагдсан АНУ-ын “Эх оронч акт”-ад офшор банкуудыг олон улсын төлбөр тооцоонд оролцуулахтай холбоотойгоор олон тооны хязгаарлалтуудыг бий болгосон байна. Энэхүү арга хэмжээ нь уг чанартаа банкны төлбөр тооцооо, үйл ажиллагааг нээлттэй болгож террористуудын мөнгөний урсгалыг хянах улмаар хэт даврагчдын санхүүгийн үйл ажиллагааг зогсооход чиглэгджээ.

Дэлхийн санхүүгийн урсгал нь олон тооны офшор банкуудаар[7] дамждаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нь зөвхөн террорист халдлага биш янз бүрийн гэмт хэргээс олсон хууль бус орлого байж болдог. Өөрийнхөө нутаг дэвсгэр дээр офшор банк байгнуулсан орнууд дэлхий нийтийн капиталд арай илүү либералчилсан харьцаатай оролцдогоос гадна тэдэнд татвар бага хэмжээтэй ногддог. /татварын хөнгөлөлт/ Гэвч өнөөдөр офшор гэдэг үг нь хараалын үг мэт болж сайн үйл ажиллагаатай банк тэдгээртэй холбоотой байж болохгүй гэнэ. Офшор нэгжид ямар нэг хамааралгүй, АНУ-ын “Эх оронч акт”-ад нийцсэн банк бус санхүүгийн байгууллагууд нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Жишээлбэл иймэрхүү төрлийн банк бус санхүүгийн компанийг Монголд бүртгүүлэх бүрэн боломжтой юм. Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй үндсэн эрх зүйн бичиг баримт нь Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан журмууд юм. Санхүүгийн эдгээр компаниудыг олон улсын мөнгөн гуйвуулга явуулах зорилгоор ашиглах асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна гэж бичжээ.[8]    

Монгол Улсын хууль тогтоомжоор эдгээр компаниуд нь олон улсын мөнгөн гуйвуулгыг үндсэн үйл ажиллагаагаа болгох талаар ямар нэгэн эрх зүйн хязгаарлалт заагаагүй боловч татвар төлөлтийг маш чөлөөтэй тусгажээ. Тиймээс эхлээд Монголд бүртгэлтэй санхүүгийн компанийн дансанд хууль бусаар орсон орлогыг оруулж улмаар цаашид төрөл бүрийн олон улсын банкууд шилжүүлж болох юм байна.  

Одоо ажиллаж байгаа банкууд бүгд гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол Улсад үндэсний гэх банк үлдсэнгүй. Одоогоор “Хаан”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Улаанбаатар банк”, “Капитал”, “Хадгаламж”, “Чингэс хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалалтын банк”, “Монгол шуудан банк”, “Эрэл”, “Зоос” /одоо Төрийн банк болсон/, АНОД /дампуурсан/ гээд 16 банк байна. Эдгээрийн дийлэнхи нь улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн ард байдаг. Уг  нь аливаа улс орон арилжааны банкуудаа гадаадын мэдэлд өгдөггүй жишиг бий. Хэрэв Арилжааны банкууд олонхи нь гадаадынханд очвол Монголбанк мөнгөний бодлогоо хянаж чадахаа болих төдийгүй цаашлаад мөнгө угаах суурь ч болж болзошгүй.[9] Тодорхой жишээ дурдахад “Анод“ банкны дүрмийн санд  мөнгө оруулсан хувь хүн болон байгууллага аж ахуйн нэгжүүдийн хувьцааны эх үүсвэрт эргэлзэхээр асуудлууд олон байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод  байна.

Зарим банкуудын нэгдлийн ар талд Оросууд байгаа гэсэн мэдээлийг баталж чадаагүй[10] ч үндэсний аюулгүй байдлын үүднээс ч тэр жижиг банкыг 100 хувь гадныханд өгнө гэдэг эрсдэлтэй алхам. Гадаадын зарим оронд 15-25 хувиас дээшхийг гадныханд өгдөггүй. Өгөх бол Засгийн газар нь шийддэг гэнэ.[11]

Үүнтэй холбоотойгоор холбогдох мэргэжилтнүүд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ- аас гаргасан зөвлөмжийн дагуу гадаадын зарим байгууллагатай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна. ФАТФ олон улсын стандартыг үл тоосон, хэрэгжүүлээгүй орнуудыг тусгай хар жагсаалтанд оруулдаг. Жагсаалтад орсон улстай санхүү эдийн засгийн ямар нэг харилцаа тогтоохгүй байхыг уриалдаг юм байна. Энэ жагсаалтанд нэр бүхий 25 орон багтаж байсан бөгөөд тэд тодорхой арга хэмжээ авсны дүнд бүгд жагсаалтаас хасагджээ[12] Магадгүй энэ байдлаараа манай улс дээрхи хар дансанд орж мэдэхээр байна.

.  

 Судлаачын дүгнэлт

Энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал байна. Дурдсан тохиолдлуудад мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх аятай нөхцөл “хөрс, суурь” манай улсад байна. Зарим тохиолдолд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ч үгүйсгэх аргагүй. 

Мөнгө угаах гэмт хэрэгтэй олон талт хамтын ажиллагаагаар тэмцэж байж үр дүнд хүрдэг. Өнөөдөр янз бүрийн салбарт үйлдэгдэж байж болохоор энэ гэмт хэргийг илрүүлэхэд банкир, сайн эдийн засагчийн туслалцаа хэрэгтэй байна. Хэрэв банк болон банк санхүүгийн байгууллагаас цагдаагийн байгууллагыг дан ганц үүнийг хэрэгжүүлнэ, харилцагчдын дансыг шалгадаг, “төвөг учруулдаг”  гэсэн өрөөсгөл хандлага байсаар байх юм бол энэ төрлийн гэмт хэрэг илрэхгүй юм.    Монголбанкны Санхүүгийн Мэдээллийн алба нь цагдаагийн байгууллагатай үйл ажиллагаагаа нягт уяалдуулах хэрэгтэй байна. Зүй нь мэргэшсэн алба хаагчдыг өөр салбараас авч ажиллуулах талаар цагдаагийн байгууллага санаачлагтай ажиллах шаардлагатай байна. Өөөрөөр хэлбэл банкны салбарт ажилллаж байсан мэргэжилтэнг цагдаагийн байгууллагад авч ажиллууулдаг олон улсын туршлага байдгийг хэрэгжүүлэх цаг болжээ.  

Өнөөдөр криминилогич, судалгааны ажилтан бэлтгэгдээгүй, орон тоо байхгүйгээс  /цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг судлаач байхгүй харин мэдээлэл дүн шинжилгээний албатай/ гэмт хэргийг тоон шинж чанарт хэт анхаарч, үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд л урьдчилан сэргийлэх асуудал ярьдаг хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл криминилоги судалгааг үр ашигтай явуулдаг мэргэжилтэн бэлдэх, тоон мэдээллийг “шүтдэг” байдлаас ангижрах хэрэгтэй байна. 

Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьчилан сэргийлэхэд “шинэ төрлийн арга” хэрэгтэй байдаг. Нэн ялангуяа хуулийн байгууллагын алба хаагчдыг чадавхижуулахдаа үүнийг анхаармаар. Хуулийн байгууллагын алба хаагчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын арга барил, тэдэнд хүргэх мэдээлэл зэргийг байнга шинэчилж байж амжилтанд хүрдэг олон улсын сайн туршлагыг үр өгөөжтэй явуулах цаг иржээ.      

  

 


[1] Энэ тухай Өнөөдөр сонины 2009 оны 10 сарын 12-н ы дугаарт “Тэрбум тэрбумын бэлэг буюу Анод банкны сэжигтэй түүх” нэртэй нийтлэл гарчээ. 

[2] Dirty dealing ., Untold truth about Global money laundring .. Peter Lilley2002 y., British

[3] Хууль дээдлэх ёс сэтгүүл.,  Г.Оюунболд .,”Орчин үеийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл” эрдэм шинжилгээний өгүүлэл., 2009 оны №2 дугаар

[4] Д.Адъяабазар, З.Төрмандах Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэс”., 2005 он, 20 дах тал

[5] Зууны мэдээ сонины 2000 оны 11 сарын 7-ны өдрийн №261 дугаар “Говь , МИАТ, АПУ-г барьцаалж болно шүү дээ”., тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатын өгсөн ярилцлагаас 

[6] Мировые финансы перемещаются в Монголию., Оросын олон нийтийн хэвлэл Номер один сониноос орчуулсан материал

[7] Офшор банк гэдэг нь татварын хөнгөлөлттэй, өөрийн үйл ажиллагаагаа гадаадад явуулдаг банк юм. 

[8] Өдрийн сонин., 2002 оны 10 сарын  6-ны өдрийн №252 дугаар.,  “Дэлхийн мөнгөний урсгал Монгол руу шилжиж байна”.гэсэн нийтлэлд энэ тухай тодорхой дурджээ.

[9] Өдрийн сонин., 2009 оны 10 сарын 14-ны өдрийн №248 дугаар “Монгол Улс үндэсний гэх банкгүй боллоо” нийтлэлээс

[10] Өдрийн сонин., 2009 оны 11 сарын 16-ны өдрийн №276 дугаарт “Банкуудын нэгдлийн цаадах хуйвалдаан”  нийтлэлээс

[11] Өдрийн сонин., Оросуудын олигархуудын түрэмгийлэл буюу үндэсий аюулгүй байдал., Монголын банкнуудын холбооны ерөнхийлөгч, Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээгээс авсан тодруулгаас .

[12] 10-th Review of the Suspicious Activity Reporting System., Financial Crimes Enforcement Network., april, 2008

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-02-21 - etcmongolia@yahoo.com

Бичсэн: дэмжигч (зочин)

нийтлэлийг уншлаа. таалагдаж байна. Зөв сэдвийг хөндсөн байна. мөнгө угаах гэмт хэргийн обьектив, субьектив шинж талаас нь бичвэл ямар вэ

. Шууд холбоос

2010-01-22 -

Бичсэн: Зочин

гоё шүү

. Шууд холбоос

2010-01-19 -

Бичсэн: дадидо (зочин)

энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд манай хуулийн байгууллагынханы мэдлэг чадвар хэр байдаг бол. Ер нь гэмт хэрэгтэй тэмцэхэд дан ганц эрх зүйн мэдлэгээр тэмцэхгүй юм шиг. Илүү өргөн мэдлэг, чадвараар л тэмцэх юм шиг

. Шууд холбоос

2010-01-19 -

Бичсэн: anime

би энэ сүмүүдийн майр харддаг юм, ялангуяа тэр чингис зочид буудлын урд байдаг сүм, тэр одоо юу вэ? бараг л манай төрийн ордноос том сүртэй харш барьчихсан байгаа юм,
бас одоо андуудын урд баригдаж байгаа барилга байна, майр том сүм л юм шиг байгаа юм, архитектурыг нь анзаарахад. Мэдээж яаж ч бодсон ийм газруудын том хэмжээний зардалын ард иймэрдүү юм нуугдаж байгаа нь тод гэж бодоод байгаа юм

. Шууд холбоос

2010-01-19 -

Бичсэн: NN

gadaadad bankand mongo hadgaluulah esvel shiljuulehed zaaval eh survaljiig ni bich gej shaarddag shd. aav eejees avsan gevel barag aav eej chin yaj olsiin gej asuudag, unen tovogtei sanagddag baij bile. ug ni heregteil yum baij de.

. Шууд холбоос





:-)
 
xaax